Панк

1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Их Британи, Америк зэрэг өрнийн оронд хөгжмийн их тэсрэлт гарсны ач өдгөө ч урлагийн салбарт гялалзсаар байна. Энэ бол өнөөгийн рок хөгжмийн ертөнцөд хамгийн их нөлөө үзүүлсэн панк урсгал юм. “Ramones”, “Sex pistols”, “New York Dolls”, “The Clash” зэрэг дуу хөгжмийн тухай ойлголт, мэдлэг багатай хамтлагууд энэ үед олноор үүсэж байлаа. Панк хөгжим Их Британид 1970-аад онд хурдацтай хөгжиж, өргөн тархсаны учрыг шүүмжлэгчид тухайн үеийн нийгэмтэй холбож тайлбарладаг. Санхүүгийн хямралд орсон Англи улсын нийгэм бараг сүйрэлд оров. Засгийн газрын хариуцлагагүй байдал, сул дорой үйл ажиллагаа, чинээлэг давхарга, хааны гэр бүлийг эсэргүүцсэн утга агуулга бүхий дуугаараа “Sex pistols” хамтлаг залуусын итгэлийг төрүүлж чадсан нь орчин үеийн хөгжмийн түүхэнд том үл мөр үлдээсэн. Энэ хөгжим цаашид бусад урсгалтай сүлэлдэн хөгжиж, келтик, анархо, хардкор, поп, ска, панк зэрэг чиглэлээр хөгжсөөр байна. Панк зөвхөн хөгжим төдийгүй дүрслэх урлаг, кино, хувцас загварын салбарын өөрчлөлт, шинэчлэлтэд нөлөөлсөн юм.