Наймдугаар сарын 9-нд Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн “Монгол ралли” автомашин, мотоциклийн олон улсын уралдаан өчигдөр дүнгээ гаргалаа. Зургаан орны 37 мотоциклч болон автомашины 18 баг оролцсон энэхүү раллид АНУ-ын алдарт мотоциклч Жона Стрит тасархай тэргүүллээ. Энэ төрлийн уралдааны хамгийн хүндэд тооцогддог “Дакар ралли”-д тавдугаар байрт шалгарч байсан туршлагатай тэрбээр “Монгол ралли”-гийн долоон гарааны тавд нь торгон жолоо өргүүлж хоёрт нь эхний тавд шалгарсан байна. Долоон гарааны нийлбэрээр Стрит дэд байрт шалгарсан Н.Лхамаагаас гурван цагаар илүүрхсэн байна. Автомашины төрөлд монголын дөрвөн экипаж эхний дөрвөн байрыг эзэлсэн. Өмнө нь ”Монгол ралли”-д мотоциклийн төрлөөр өрсөлдөж байсан цөөнгүй тамирчин энэ удаа штурман буюу чиглүүлэгчийн үүрэгтэйгээр автомашин хөлөглөн уралдсан юм. Өмнө нь “Ралли Рейд” нэртэй байсан Монголын олон өдрийн раллид энэ жил анх удаа ачааны автомашин уралдсан нь Т.Сүгавара, С.Сүзүки нарын жолоодсон “Хино” байлаа. Тэд ч боломжоосоо дээгүүр амжилт үзүүлж, автомашины төрөлд тавдугаар байрт шалгарчээ. ”Монгол ралли”-д цөөнгүй бүсгүй ур чадвар, тэсвэр хатуужлаа сорьсны дийлэнх нь Япончууд байв. Хэдийгээр тэд дээгүүр байр эзлээгүй ч ихэнх нь 3000 гаруй км замыг туулж, бариандаа хүрсэн байна. Тал хээр, говь, хангайн түмэн бэрхшээлийг гэтлэн барианд орсон гадны уралдаанчид Монголын үзэсгэлэнт байгалийг биширч, дахиж манай оронд ирэхээ амлажэ байжээ.