Москва-Улаанбаатар чиглэлийн 6-р галт тэрэг өчигдөр ирэх цагаасаа зургаан цагаар хоцорч, гэр бүл, найз нөхдөө тосохоор ирсэн иргэдийг багагүй сандаргаж, бухимдуулав. Учир нь уг галт тэрэг Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт явж байхад нь толгой буюу зүтгүүрийн хэсэгт эвдрэл гарсныг зургаан цагийн турш засварлажээ. 6-р галт тэрэг өнгөрсөн Ням гаригийн орой Москвагийн цагаар 21.35-д хөдөлж Улаанбаатарт өчигдөр 06.30 цагт ирэх ёстой байсан байна.