Улаанбаатар хотын түүхийг гэрэл зургаар өгүүлж байна

Монгол Улс Манжийн дарлалаас ангижирч, тусгаар тогтносон, эрх чөлөөт орон болохын тулд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, Богд Жибзүндамба хутагтыг шашин төрийг хослон баригч хэмээн өргөмжилсөн билээ. Эзэн хааны байнга залран суух, төр засгийн газрын төвлөрөн ажиллах хотыг аливаа улс орон “нийслэл” хэмээдэг олон улсын жишгийг баримтлан 1912 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас Богд хаанд айлтгал өргөснөөр Их хүрээг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Нийслэлээр тунхагласан түүхтэй. Энэ онд нийслэл хүрээний 100 жилийн ой тохиож байна. Ойг угтан бүтэн жилийн турш нийслэлчүүдэд зориулан төрөл бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээ зохиохоор болсны хамгийн анхных нь өчигдөр Улаабаатар хотын музейд нээлтээ хийсэн “Нийслэл хүрээ 100 жил” гэрэл зургийн үзэсгэлэн байлаа.

Үзэсгэлэнд Улаанбаатар хотод болж өнгөрсөн түүхэн үйл явдал хийгээд Нийслэл хүрээний улс төр, нийгэм, соёл, боловсрол, эдийн засгийн амьдрал, өөрчлөлт шинэчлэлтийн түүхэн агшинг “аргамжсан” 100 орчим гэрэл зураг, баримт бичиг, уран зураг, баримтат бичиг, үзмэр, эд өлгийн зүйл дэлгэн тавьжээ.