Манай орны ихэнх нутгаар өнөөдрөөс эхлээд хүйтний эрч дахин
чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Сүүлийн хоёр
хоног хүйтний эрч харьцангуй суларч байсан ч өнөөдрөөс томоохон голуудын сав
газраар дахин хасах 45 градус хүрэх юм байна. Өнөө шөнө зүүн зүгийн нутгаар,
8-нд нутгийн төв болон зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Энэ сарын 7-11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8, 9-нд зүүн зүгийн нутгаар салхи секундэд 14
метр хүрч ширүүсэх төлөвтэй. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр,
Тэс, Халх голын сав газраар шөнөдөө -45 градус, өдөртөө -29-34 градус, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын сав
газраар шөнөдөө -37-42, өдөртөө -23-28 градус, бусад нутгаар шөнөдөө -29-34,
өдөртөө -18-23 градус хүйтэн байна. Энэ долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч бага
зэрэг сулрах аж.