Тархан суурьшсан Монголчуудыг “золгуулсан” 350.000 км

Дэлхий дээр 10 сая гаруй Монгол угсаатан байдаг тухай Дэлхийн монголч эрдэмтдийн судалгаанд тусгагдсан байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүсийг элэг нэгтнээ хэмээн эрж олоод, сэтгэлзүйг нь бидэнтэй хуваалцдаг “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ийнхан аяллаасаа ирлээ. Тус байгууллагын тэргүүн, соёл судлаач Ч.Санчираас аяллын тухай тодруулахад “Эзэнт гүрний өмнөд хязгаар Суматра нутгаар аялаад ирлээ. Наймдугаар сараас эхэлсэн аялал маань Ил хаадын улс, Цагаадайн хант улс, Алтан ордны улсад үргэлжилсэн. Домгоор аялаж байгаа мэт гайхалтай сайхан байлаа” хэмээн ярилаа.

“Тархан суурьшсан монголчууд” ТББ-ийнхан 10 жилийн турш 350.000 км зам туулсан бөгөөд тун удахүй өөрсдийн аяллын тэмдэглэлийг хэвлүүлж эхлэх юм байна.

Дэлхий даяар тархан суурьшсан монгол угсаатны тухай өгүүлэх эл цувралын эхний боть соёлын ялгааны тухай ажээ.