Өмнөговь аймгийн Даланзадгадад Ингэний айрагны баяр
өнөөдөр, маргааш зохион байгуулагдаж байгаа юм байна. Монголын хамгийн олон
тэмээтэй нутаг болох тус аймаг энэ жил 88 мянга гаруй тэмээ тоолуулсан байна. Энэхүү
баярт 15 сумаас ирсэн тэмээчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд оролцох гэнэ. Баярын
үеэр тэмээний уралдаан, тэмээ маллахтай холбоотой зан үйлээр өрсөлдөх юм байна.
Түүнчлэн ингэний айраг, ааруул зэрэг сүү цагаан идээгээр үзэсгэлэн гаргаж,
тэмээний ноосоор хийсэн бэлэг дурсгалын зүйлийг худалдах аж. Өмнөговь аймгийн
ЗДТГ-ын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ “Хоёр бөхт
тэмээний цөм нь манай нутаг. Монголд тэмээний гурван омог байдгийн хоёр нь буюу
Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн тэмээ энд бий. Тиймээс бид уул
уурхайгаас гадна тэмээ хэмээх энэ баялгаа олон түмэнд таниулж сурталчлахаар энэ
баярыг хийдэг. Энэ жил баяр маань нэлээд өргөн хүрээг хамарч, бай шагналын
хувьд ч харьцангуй өндөр байна. Ингэний айрагны баярт оролцохоор хамгийн цаад
тал нь 380 гаруй км-ээс тэмээчид ирнэ” гэлээ.