“Үзэмчин түүх соёлын ойллого” хэвлэгдлээ

Монгол туургатны олон угсаатны нэг үзэмчин түмний угсаа гарал, түүх, хэл соёл, зан заншлыг дэлгэрэнгүй өгүүлсэн нэгэн ном уншигчдын гар дээр очжээ. Энэ бол хэл бичгийн ухааны доктор Д. Наранцэцэгийн туурвисан “Үзэмчин түүх соёлын ойллого” ном юм. Эзэн Чингис хааны отгон хүү Тулуйн угсаа, Батмөнх даян хааны ач Онгон дурал ноёны удам хойчис болсон үзэмчин түмэн түүхэнд хэдий үеэс тодрон гарч ирсэн хийгээд түүх бичлэгт нэр дурдагдах болсноос эхлээд үзэмчний түүхийн сонин содон хуудсууд, хэл бичиг, соёл, зан заншлын талаар энэ номыг УИХ-ын гишүүн П.Алтангэрэл шүүжээ. Тэрээр түүхч мэргэжилтэй хүний хувиар энэхүү түүхэн ойллогыг “Аман домгоос эхлээд түүхэн сурвалжийн мэдээ, баримт, үе үеийн бичгийн мэргэдийн туурвисан бүтээл сэлтийг уйгагүй судлан, бүдэг бүрхэг бүхнийг мөшгөн тодруулж, нотлон баталж бичсэн энэ ном эрдэм шинжилгээний өндөр түвшинд бичигдсэн чансаатай бүтээл болжээ” хэмээн үнэлжээ.