Хүйтний эрч бага зэрэг суларна

Идэр есийн хүйтний эрч энэ долоо хоногт бага зэрэг сулрах төвөгтэй. Баруун болон төвийн нутгаар энэ сарын 4-нд, 5-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Энэ сарын 2-3-ны хооронд хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус байна. Харин Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Ус цаг уурын хүрээлэнгээс энэ сарын цаг агаарын ерөнхий төлөвийг тоймлон гаргажээ.

Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр болон Дархадын хотгорт хоёрдугаар сард дунджаар 23-28, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна. Увсын өмнөд, Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх нь. Харин төвийн нутгаар энэ сарын эхний арав хоног, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40, өдөртөө 24-29 градус хүрч хүйтэрнэ. Хоёрдугаар сарын эхний арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларна. Зүүн зүгийн нутгаар агаарын дундаж температур Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 19-24, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна. Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар хүйтэн байхыг цаг уурчид онцлон анхааруулав.

Говийн нутгаар агаарын дундаж температур нь Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 15-20, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу Дорноговь, Говь-Сүмбэрийн нутаг, Дундговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.