БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлага.
1. Монгол улсын гадаад сурталчилгааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр томоохон ажил хийгдсэний нэг нь ITB үзэсгэлэнд соёлын түнш орноор анх удаа оролцож тусгай шагнал хүртсэн. Энэ үзэсгэлэн дэлхийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том арга хэмжээ бөгөөд 150 гаруй орны 1500 орчим компани оролцжээ.
2. Францын “ТВ Монде” телевизээр 3 жилийн хугацаатай эх орноо сурталчлах гэрээ байгууллаа. 2011 оноос эхлэн жилд 80 удаагийн давтамжтайгаар Монголын тухай кино гаргаж байгаа бөгөөд тус телевизийнхэн өөрсдөө ирж кино зураг авалт хийсэн.
3. Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байна. Мөн Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газарт өргөн барьсан. Энэхүү хөтөлбөрт Хархорин төвтэй төвийн, ховд аймагт төвтэй баруун, Хөвсгөл аймагт төвтэй Хөвсгөлийн, Өмнөговьд төвтэй говийн, Хэнтийд төвтэй зүүн, Улаанбаатарт төвтэй төвийн гэсэн зургаан бүсэд хуваан хөгжүүлэхээр тусгалаа.
4. Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Хархорин XIII зуун” төслийг эхлүүлж, судлаачдын баг бүрдүүлэн хэд хэдэн удаагийн судалгааг зохион байгуулж, 2012 онд тус төслийг эрчимтэй хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
5. “Цайны зам” төслийг хэрэгжүүлэхээр Монгол, Орос, Хятад гурван улс хамтарсан судалгааг зохион байгуулж өнгөрсөн 10 дугаар сард гурван улсын төлөөллийг тус маршрутаар аялууллаа. Цайг анх хятадаас Монголд, Монголоос Европод хүргэж байсан уг замыг аялал жуулчлалын маршрут болгохыг зорьж байгаа юм. Хятадын тал энэ маршрутаар кино хийхийг зорьж, харин манай улс музей байгуулах төлөвлөгөөтэй байна.
6. Монгол улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад элсээд 20 жил болсон хэдий ч татвараа төлөөгүй үеүд байсан. Энэхүү татварын өрийг БОАЖ-ын сайдын хүчин чармайлтаар дуусгаж, ДАЖБ дахь Монголын байр суурийг өсгөлөө. Монголын тал ДАЖБ-ын чуулгануудад оролцож бодлого, төсөл, төлөвлөгөөнүүдээ танилцуулах боломжтой болж байна. Мөн ДАЖБ-ын дэргэдэх Ядуурлыг бууруулах тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
7. ДАЖБ-аас гаргасан жуулчны статистик тооцооны журамд үндэслэн өөрийн орны журмыг боловсрууллаа. Гэрээсээ хол 3-аас дээш хоног явж байгаа хүнийг жуулчин гэнэ гэсэн дэлхий нийтийн стандартыг дагаж мөрдөнө. Энэ жил Монгол улсад 480 мянган жуулчин ирсэн байна.
Цаашид хийх ажлууд юу байна вэ.
1. Хөдөө орон нутагт бүсчилсэн маршрутынхаа дагуу зам барьж, амралтын цэгүүдийг бий болгох.
2. Дотоодын аялал жуулчлал сүүлийн үед хурдтай хөгжиж байгаатай холбогдуулан дотоодын үйлчилгээний байгууллагуудын стандартуудыг боловсронгуй болгож, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран үйлчилгээний соёл, ариун цэврийн байдалтай холбоотой аттестатчилал явуулж цэгцлэх.
3. Орон нутгийн байгууллагуудаа дэмжин хөгжүүлж, бүсчлэн хөгжүүлж буй газрууд хоорондоо давтагдахгүй байхаар бодлого барьж, сайн менежмент хийж ажиллах.
4. Гаднаас орж ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэх. Тухайлбал, жилд 40 сая хятад иргэн гадаад руу аялж байна. Тийм учраас хөрш орнуудын аялал жуулчлалыг анхааралтай ажиглаж, түүнд тохирсон менежментийг цаг алдалгүй хийх.
5. Орос, Хятад, Монгол гурав харьцангуй алслагдсан орнууд учраас Монголд ирсэн хүн Орос, Хятадыг үзэх, Хятадад ирсэн хүн Монгол, Оросыг үзэх, Орост ирсэн хүн Монгол Хятадыг үзээд буцах боломжуудыг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хөрш орны аялал жуулчлалын байгууллагуудтай байнга санал солилцож байна.
6. Жуулчны аюулгүй байдалд анхаарч Нийслэлийн аялал жуулчлалын газар, Цагдаагийн газартай хамтран санамж бичигт гарын үсэг зурж эхлүүлсэн үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулна. Бусад орны туршлагыг ч нэвтрүүлэх тал дээр анхаарж ажиллана.
7. Аялал жуулчлалын үйлчилгээний төлбөрийн асуудал дээр анхаарч цаашид монгол, гадаад хүний ялгаатай үнэ төлбөрийн асуудлыг цэгцлэх бодлого барина. Тусгай хамгаалалттай бүс нутаг руу орох эрхийн төлбөрөөс эхлэх нь зүйтэй юм.
8. 2012 оны 8 дугаар сард Францын “Ростан” компанитай хамтран 300 хүний бүрэлдэхүүнтэй багийн адал явдалт жуулчлал зохион байгуулна. Ховд аймгийн Цамбагарав ууланд авируулж, зав, дугуй, тэмээ, мориор аялуулах цогц арга хэмжээ болгох юм.