Хулгайн анчдыг хамтарч илрүүлнэ

 “Монгол бөхөн төсөл”-ийн хүрээнд бөхөн нутагладаг газруудад уг амьтныг хамгаалагчдын сүлжээ ажиллаад цөөнгүй жил болж байна. Гэвч өнгөрсөн онд хууль бус агнуур олон гарчээ. Тухайлбал дөрвөн тохиолдлоор 24 бөхөн агнасан хулгайн анчдыг өнөөг хүртэл олж тогтоогоогүй байна. Хэргийн эзэн холбогдогчдыг илрүүлж, сэргийлэх зорилгоор хууль хяналтын байгууллагуудтай тус төслийнхөн идэвхитэй хамтран ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн илрүүлэлтийг эрчимжүүлэхийн тулд үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд урамшуулал олгохоор зарлаад байна.  

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар бөхөнгийн тооллогыг 2011 оны аравдугаар сард арга зүйгээр хийжээ. Харин энэ оны нэгдүгээр сард багтаан хяналтын тооллогыг хийснээр нэн ховор амьтан бөхөнгийн тоо толгойн дүнг эцэслэн гаргах юм байна. Байгаль  орчны аудитын тайланд мэдээлснээр Говь-Алтай аймгийн зарим сум, Ховд аймгийн Дарви, Манхан, Чандмань сумын нутагт 2010 оны байдлаар 5000-8000 бөхөн байгааг тогтоожээ.

Мөн дээрх хөтөлбөрийн санаачлагаар Швейцарь МАВА сангийн дэмжлэгтэйгээр “Их нуруудын хотгорын бөхөн хамгаалах төсөл” хэрэгжүүлснээр ховор амьтны нөөц нэмэгдсэн тооцоо гарсан байна. Харин Ховд аймгийн Манхан суманд ердөө 20-иод бөхөн байгаа нь нөхөн үржихүйн талаас нь “сөнөж байгаа сүрэг” хэмээн үзэж  байна. Энэ сүргийг авч үлдэхийн тулд цус сэлбэх шаардлагатай боловч санхүүгийн эх үүсвэргүй байгаа аж.