Их Монгол Улсын үед хааныхаа мэргэн ухаан, холч бодлогыг хэрэгжүүлэхэд нэгэн сэтгэлээр, амь хайргүй зүтгэсэн эгэл жирийн монгол цэрэг эрсийн нөхөрлөл, амьдрал тэмцлийн тухай өгүүлэх “Аравт” нэртэй киног Монгол, Хятадын уран бүтээлчид хамтран бүтээх гэж байна. Уг киног “Монголфильм” групп, Өвөрмонголын “Нүүдлийн соёл” кино компанитай хамтран бүтээх гэнэ. Кино зохиолыг Н.Эрдэнэ бичиж, найруулагчаар нь Б.Ганзориг ажиллаж байгаа юм. Хятадын талаас Өвөрмонголын “Чингис хаан” олон ангит кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн Д.Баасан тэргүүтэй уран бүтээлчид оролцох ажээ. Дашрамд сонирхуулахад, Чингис хааны цэргийн аравт, зуутын зохион байгуулалтыг Хүннүгийн үеэс улбаатай гэдэг бөгөөд Москвагийн алдарт Арбатын гудамжийг Монгол цэргийн аравт гэдэг нэрээс үүссэн гэж үздэг билээ.