Ганцаардмал амьтан
Яст мэлхийний урт насалдаг нууцыг эрдэмтэд олон жилийн турш судалж байна. Үүний дүнд хэд хэдэн дүгнэлт хийжээ.тэдний амьдрал бүхэлдээ амар тайван, нам гүм орчинд өнгөрдөг. Байнга хөдлөөд яваад байдаггүй, яст мэлхийнүүд түм түжигнэсэн, бум бужигнасан орчлонгоос ямагт хол байхыг хичээдэг байна. Нэг ёсондоо тэд ганцаардамал амьдралыг илүүд үздэг ажээ. Тиймээс бодисийн солилцоо нь бусад амьтдынхаас хэд дахин удаан явагддаг нь урт наслах бас нэг нууц юм. Мөн энэ амьтан өөрт хуримтлагдсан энергиэ хэмнэх онцгой чадвартай. Угаас тэд хоол хүнс голдоггүй, голдуу өвс ургамал иддэг ч заримдаа усны амьтан зооглох нь бий. Өөрөөр хэлбэл сам хорхой, эмгэн хумс зэргээр хооллодог. Зарим үед яст мэлдхийнүүд далай тэнгисээр хоол хүнсгүй хэдэн зуун бээр аялах тохиолол байдаг.
Шидэт уураг
Яст мэлхийн биед агуулагддаг нэгэн төрлийн уургийн нууцыг эрдэмтэд өнөөдрийг хүртэл тайлаагүй байна. Хэдийгээр янз бүрийн таамаг дэвшүүлж туршилт хийж байгаа ч түлхүүр нь олдоогүй л байна. Жишээ нь ямар ч амьтны биед маш хурдан үржих чадвартай өмөн үүгийн вирусийг яст мэлхийний биед шилжүүлэн суулгахад өвчилдөггүй гэнэ. Юу ч болоогүй мэт амьдарсаар л байдаг. Харин сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн ачаар түүнд олон төрлийн өвчнийг эсэргүүцэх чадалтай нэгэн зүйлийн онцгой уураг байдгийг олж тогтоожээ. Хэрвээ шинжлэх ухаан энэ уургийн ид шидийн нууцыг тайлбал хүн төрөлхтөнд олон талаар ач тусаа өгөх нээлт болох юм.
Амьсгалах чадвар
Аливаа биет амьтанд хүчилтөрөгчийн чөлөөт орчин гэж байдаг аж. Энэ орчны хэмжээ ихсэх эсвэл өөрчлөлт гарсантай холбоотойгоор судас хатуурах түүнчлэн дархлаа буурсан хүмүүст янз бүрийн өвчин эмгэг үүсэх аюултай. Харин яст мэлхийнд хүчилтөрөгчийн чөлөөт орчныг тэнцвэржүүлэх илүүдлийг устгах чадвар байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь яст мэлхийний амьсгалын тогтолцоотой холбоотой. Энэ амьтны хавирга хооронд булчин гэж байдаггүй. Иймд амны хөндийн доод талын булчингийн агшиж сунах хөдөлгөөн толгой хөлний болон уушигний тэлэх үйл явцаар дамжуулан амьсгалдаг юм байна. Амьсгалын энэ тогтолцоо нь түүнийг урт наслууллах гол хүчин зүйл болдог хэмээн үзэх нь бий. Түүнчлэн Хятадын уламжлалт хийн дасгалуудын нэгд яст мэлхийний амьсгалыг дуурайсан хөдөлгөөн байдаг гэнэ.