Ихэнх нутгаар цас орж, томоохон голын хөндийгөөр хүйтний эрч -45 градус хүрнэ

Цаг уурын орчны шинжилгээний газраас өнөөдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар, 20-нд зарим газраар, 21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд говийн нутгаар цас орж, цасан шуургатай байхыг анхааруулж байна. Салхины хурд 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр, 19-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрэх аж. Хүйтний эрч 18-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс чангарах бөгөөд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -45 градус, өдөртөө -22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө -22-25, өдөртөө -10-15 градус, бусад нутгаар шөнөдөө -30-35, өдөртөө -19-24 градус хүйтэн байна. Түүнчлэн энэ сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны бүх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон ч, зарим хэсэгт харз, халиа, мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж, мөсний даац харилцан адилгүй байгаа тул ард иргэдийг гарамгүй газраар мөсөн дээгүүр зорчихгүй байхыг тус газраас онцгойлон анхаарууллаа.