Да Винчийн зургаар цүнх оёжээ

Леонардо Да Винчи гэж таахын аргагүй оньсого шиг хүн байжээ. Хэдэн зуун жилийн турш судлаач, эрдэмтдийг ажилтай байлгасан түүний зарим бүтээлийн нууцыг одоо хэр нь тайлаагүй. Гүн ухаантан, уран зураач, зохион бүтээгч, геологич, одон оронч, эмч, зохиолч, хөгжимчин, механик гээд түүнийг тодорхойлох нэр томъёо олон.
Оюуны чадамж нь олон салаа мөчиртэй саглагар мод шиг тэр хүн гайхалтай дизайнер байсныг гэрчлэх нэгэн эскиз зургийг намтар судлаач Винчи Карло Педретти 1978 онд олсон байдаг. 1497 онд бүтээсэн уг зураг өдгөө Италийн Винчи хотын “Museo Ideale” музейд хадгалагдаж байна.
Леонардо төрөл бүрийн аксессуар, чимэг зүүлт, цүнх урласнаас хамгийн сонирхолтой нь энэ аж. Тэгвэл Да Винчийн энэхүү зургаар алдарт “Gherardini” брэнд цүнх урлажээ. Флоренцид болох загварын шоунд танилцуулсны дараа цүнхийг Италийн урлагийн академийн галерейд бэлэглэх гэнэ.