Жижиг аалзнууд том тархитай

Дунджаас жижиг биетэй аалзнууд бусдыгаа бодвол том тархитайг Коста Рикагийн их сургуулийн эрдэмтэд илрүүлсэн тухай мэдээллийг “National Geographic” сэтгүүл мэдээллээ. Эрдэмтэд найман зүйлийн аалзыг судалснаар уг дүгнэлтэд хүрсэн аж. Жижиг биетэй зарим аалзны хувьд нийт жингийх нь 80 хувийг тархи нь эзлэх тохиолдол ч гарсан гэнэ.
Тэдгээр амьтны том тархи нь бөх, найдвартай тор нэхэхэд тусалдаг төдийгүй хийж буй үйлдэл, зан авир нь илүү нарийн, зөв бүтэцтэй байдаг хэмээн тус сэтгүүлд бичжээ. “Бат бөх, гоёмсог тор нэхэхэд амьтны инстинкт төдийгүй ухаан хэрэгтэйг уг судалгаа харууллаа. Жижиг биетэй том тархитай аалзнуудын амьдрах чадвар ч мөн ялгаагүй илүү байдаг” хэмээн Коста Рикагийн их сургуулийн профессор Билл Эбэрнард ярьжээ.