Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар өнгөрөгч онд нийтдээ 288
аж ахуйн нэгж, байгууллагад 2212 гадаадын иргэний баримт бичигт шалгалт хийж,
432 зөрчлийг илрүүлэн, 431 зөрчилд 1 тэрбум гаруй төгрөгийн торгууль
ноогдуулжээ. Зөрчлийн хувьд 50.9 хувь нь визийн хугацаа хэтрүүлсэн, 21.9
хувь нь оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, 12.5 хувь нь бүртгэлийн
журам зөрчсөн, 5.8 хувь нь паспорт, паспортыг орлох баримт бичгээ биедээ авч
яваагүй, 4.9 хувь нь хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн, 1.3 хувь нь оршин суух
үнэмлэх эзэмших, хадгалах, ашиглах журам зөрчсөн, 0.9 хувь нь оршин суух
хаягийн бүртгэлийн журам зөрчсөн, 5 буюу 0.4 хувь нь дамжин өнгөрөх журам болон
албадан гаргах ажиллагаанд саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, 0.3 хувь нь
виз, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг
хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн, засварласан байсан аж. Түүнчлэн иргэдээс ирсэн
өргөдөл гомдол болон 1882 дугаарын утсаар ирүүлсэн мэдээллийн дагуу 37
байгуулагын 73 иргэний бичиг баримтад шалгалт хийж 44 зөрчлийг илрүүлж, ирсэн
зорилгоо тодорхойлж чадаагүй 36 орны 1137 гадаадын иргэнийг Монгол улсын хил
дээрээс буцаажээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус буюу
хуурамч баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон, оршин суух зөвшөөрлийн хугацаа
нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн, хуурамч баримт бичиг
ашиглаж визийн зөвшөөрөл авсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр
эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр
нийтдээ 19 орны 924 гадаадын иргэнийг албадан гаргасан байна.