“Харбины олон улсын цас мөсний фестиваль - 2012” албан ёсны нээлтээ хийлээ

Өвлийн улирал хүйтэн, ширүүн ч гэлээ хүн болгоны дуртай улирлын нэг яалт ч үгүй мөн билээ. Дэлхийн олон оронд цас мөсний фестивалиуд зохиогддог бөгөөд Саппоро, Норвеги, Кубек болон Харбины цасны баярууд хамгийн томд тооцогддог билээ.Хятадын Харбины цас мөсний ертөнцийн албан ёсны нээлт өнөөдөр буюу нэгдүгээр сарын 5-ны өдөр эхэлж байгаа бөгөөд хоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх ажээ. Анх 10 жилийн өмнөөс зохион байгуулагдаж буй уг наадам нь анхлан зөвхөн тухайн хотынхон болон бусад мужуудаас хүмүүс ирж сонирхдог байсан бол өдгөө нэршилийн хувьд ч “олон улсын” тодотголтой болж сая сая жуулчдын өвлийн улиралд заавал зорьдог “чиглэл” нь болсон байна.Тус хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мөс цасаар хийсэн аварга том байгууламжууд, баримлууд олноор баригдсан бөгөөд шөнөдөө тус мөсөн хотууд олон өнгөөр гэрэлтэж үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг байна. Мөн энэ жилийн хувьд онцлохоор мөсөн баримлууд гэвэл алдарт зураач И.Е.Репины “Ижил мөрний барлагууд”, Хятадын цагаан хэрэмний хуулбарыг цас мөсөөр хийсэн зэргийг дурдаж болно.