Ховд аймгийн Ховд сумын
нутаг Торх улаан уулын хойт бэлд х.ө 46˚19.050΄, з.у 092˚37.062΄ солбицолд хоёр
хүн чулуун хөшөө оршино. Уг хүн чулуун хөшөө буй Торх уул нүүдэлчдийн булш,
хиригсүүр, хөшөө чулуугаар баялаг ажээ. Ингээд хамгийн том хүн чулуун хөшөөний
талаар тогтон өгүүлье. Торх улааны хүн чулуун хөшөөний нэг нь 320 см, нөгөө нь
278 см өндөр юм. Газар хэвтэж буй хөшөөнд хүний нүүр, нүд, хамар, уруул ам
зэргийг мэдэгдэм дүрсэлсний дээр хоёр мөрийг маш тод товойлгон сийлсэн байна.
Гарыг цээж орчимд нийлүүлэн ямар нэг зүйл барьж байгаагаар урласан ч их
баларсан байна. Дөрвөлжин хашлага чулуун байгууламж дотор босгосон хөшөөнд
малгай, хүний нүүр, нүдийг арвай хэлбэртэй, шулуун хамар, уруул ам зэргийг
дүрсэлсний зэрэгцээ гарыг цээж орчимд нийлүүлэн домбо хэлбэрийн сав барьж
байгаагаар урлажээ. Түүний доор сэлмийг дүрсэлжээ. Өмнө нь буган чулуун хөшөөг
засаж янзлан хүний дүрс нэмж сийлсэн хөшөөг Монголд буй хамгийн том хүн чулуун
хөшөө хэмээн үзэж байсан бол бидний илрүүлсэн Торх улааны хүн чулуун хөшөө
дүрслэлийн техник, хэмжээний хувьд хамгийн томд тооцогдох гайхамшигт хүн чулуун
хөшөө юм.Монгол болон Төв Азиас урьд нь олдсон хүн чулуун хөшөөдөөс хэмжээний
хувьд хамгийн томд тооцогдох гайхамшигт хүн чулуун хөшөөг 2008 оны 8 сарын
11-25-ны хооронд Ховд их сургууль, Монгол Алтай судлалын хүрээлэн, Томскийн их
сургуулийн судлаачид Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн сумын нутагт археологийн
хайгуул судалгаа явуулж байхдаа олжээ.