Антарактид тив дэх "Восток" станц
Хуучин ЗХУ-ын үед байгуулагдсан "Восток" станцад одоо Орос, Франц,
АНУ-ын мэргэжилтнүүд ажиллаж байна. Уг станц Хойд туйлаас 1253 км зайтай газарт
далайн түвшнээс дээш 3500 метрийн өндөрт 3700 метр зузаан мөсөн дээр байрладаг
ажээ. 1983 онд уг станц дээр Цельсийн -89.2 хэмийн хүйтэн бүртгэгдсэн нь манай
гарагийн цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн доод температур болсон байна.
Харин одоо тус станцын орчмын газарт харьцангуй дулаарч байгаа бөгөөд зуны
улиралд агаарын хэм -21 градусаас давахаа больсон байна."Восток"
станц дээр өвлийн улиралд 13, зуны улиралд 25 хүн байнга ажилладаг аж.
Канадын Элсмир арал
Дэлхийд хэмжээгээрээ аравдугаарт ордог энэ арлыг туйлын ойролцоох мөсөн цөл гэж
хэлж болно. Энэ арлын агаарын дундаж хэм -20 байдаг. Өвлийн улиралд -40 хэмээс
давж хүйтэрдэг ажээ. Хэдийгээр асар уудам нутаг дэвсгэртэй ч 2005 оны байдлаар
тус арлын оршин суугчдын тоо ердөө 170 байв. Элсмир арал нь Алерт /дэлхийн
хамгийн хойд цэг/, Юрик болон Грайс-Фьорд гэдэг гуравхан сууринтай. Маш хүйтэн,
эзгүй шахам энэ арал жуулчдыг татдаг нь хачирхалтай. Элсмир аралд хүрэх онгоцны
тасалбарын үнэ 20 мянга орчим доллар байдаг гэнэ.
Ливийн Эль Азиз хот
Эль Азиз хот бол манай гарагийн хамгийн халуун газар юм. 1922 оны есдүгээр
сарын 13-нд хотын цаг уурын станц агаарын хэм сүүдэрт +57,8С байсныг бүртгэн
авчээ. Гэхдээ агаарын хэмийг газраас 5 метрийн өндөрт хэмжсэн байна. Харин
тухайн өдөр тус хотод 66 хэм хүрч халжээ.
Этоипийн Даллол суурин
Этиопийн
хойд нутгийн Даллол суурин нь далайн түвшнээс 50 метрийн өндөрт оршдог байна.
Одоогийн байдлаар уг суурин нь агаарын хэмийн жилийн дундаж үзүүлэлт хамгийн
өндөртэй газар юм. 1960-1966 оны хооронд агаарын дундаж хэм нь 34 градус байсан
нь хамгийн өдөр үзүүлэлт болжээ.
АНУ-ын Үхлийн хөндий
Үхлийн
хөндий бол Калифорни муж улсад уулсын дунд оршдог хонхор газар юм. 1913 онд энд
дэлхийн баруун тал бөмбөрцгийн хувьд хамгийн их халсан бөгөөд агаарын хэм
+56,7С-д хүрчээ. Энэ хөндийд долдугаар сард агаарын дундаж хэм +46 байдаг бол
шөнө нь +31 хүртэл буудаг гэнэ.
Тайландын Бангкок хот
Олон
улсын цаг уурын байгууллага дэлхийн хамгийн халуун хотоор Таиландын нийслэлийг
нэрлэжээ. Бангкок хотод агаарын жилийн дундаж хэм +28 градус байдаг бөгөөд
хамгийн халуун үе нь гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл үргэлжилдэг байна.
Энэ үед агаарын хэм 34 градус хүртэл халж, чийгшил нь 90 хувьтай байдаг гэнэ.