Монголын их эзэнт улс Юань гүрний
үеийн цаасан мөнгөн дэвсгэрт болон Монголын их хаадын нэр, овгийн тамгатай 52
ширхэг зоосыг саяхан улсын сан хөмрөгт худалдаж авлаа. Энэхүү түүхийн хосгүй
ховор дурсгал- эртний зоос, мөнгөн дэвсгэрт нь АНУ-д амьдарч буй түүхч эрдэмтэн
Б.Нямаагийн хувийн цуглуулгад байсан бөгөөд үүнийг тэрбээр олон улсын дуудлага
худалдаанаас авч байжээ.Юань улсын мөнгөн дэвсгэрт нь дэлхийд маш ховорт тооцогддог
бөгөөд Монголд байдаггүй ажээ. Төр
засаг, БСШУЯ анх удаа гадаадад байгаа түүхийн ховор хосгүй үнэт дурсгалаа
улсынхаа сан хөмрөгт худалдан авч буй нь энэ юм.Монголчуудыг дэлхийн түүхэнд
цаасан мөнгөн дэвсгэртийг анх гаргасан гэж үздэг. Үүний баталгаа болох Юань
улсын цаасан мөнгөн дэвсгэртийг 1287 онд Хубилай хааны зарлигаар бүтээж, анх
арилжаанд гаргажээ. Одоогийнхоор бол эдийн засгийн хямрал нүүрлээд байсан
тухайн үед зоосны ханштай дүйцэхүйц үнэ бүхий цаасан дэвсгэрт гүйлгээнд
гаргаснаар мөнгөний уналтыг хязгаарлаж чадсан тухай түүхэн ном зохиолуудад
дурдсан байдаг. Энэхүү цаасан дэвсгэртийг барлан бүтээсэн бөгөөд монгол, хятад
үсгээр бичиж, хааны тамгаар баталгаажуулсан байдаг аж. Уг барын дардсыг
өнгөрсөн жил Хонконгийн биржид дуудлагаар худалдаж, ихээхэн өндөр үнээр нэгэн
цуглуулагч авсан гэнэ. Харин эл мөнгөн дэвсгэрт олон улсын мөнгөн тэмдэг
судлаач нарын хэлж буйгаар дэлхийн дуудлага худалдаанд 200 гаруй мянган
доллараар үнэлэгддэг аж. Зоос цуглуулагч Б.Нямаа энэхүү хосгүй үнэт
дурсгалаа өөрийн цуглуулгад байсан 52 ширхэг эртний ховор нандин зоосын хамт
өгчээ. Энэ нь Өгөөдэй, Гүег, Мөнх, Аригбөх зэрэг Монголын 24 их хааны нэр, ургийн
овог, тамгатай дэлхийд ховорт тооцогдох, хосгүй үнэт зоосны цуглуулга гэнэ.