Mongolia Bike Challenge - Олон улсын уулын дугуйн олон өдрийн уралдаан 2010 оны 8-р сарын 7-ноос 8-р сарын 22-ны хооронд Монгол улсад анх удаа зохиогдоно. Энэ уралдаанд дэлхийн 15 улс орны уулын дугуйн мэргэжлийн клубын тамирчид 60 гаруй тамирчид оролцоно. Mongolia Bike Challenge олон өдрийн уулын дугуйн уралдааныг Европын алдартай телевизийн сувгууд шууд сурвалжилна. Монгол улсад зохион байгуулагдах уг уралдаан нь 10 этаптай/ гараа, бариатай бөгөөд эхний 5 бариа нь Монголын уудам говьд Дундговь, Өмнөговь аймгийн нутгуудаар болно. Сүүлийн 5 бариа нь Өвөрхөнгай, Баянхонгор, Архангай аймгуудын нутагт болно. Уралдааны гараа Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг сумын нутаг Бага Газрын Чулууны уулнаас эхэлж Их Монгол Улсын нийслэл Хархорум хот буюу одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин хотын төв Эрдэнэзуу хийдийн өмнө шийдвэрлэх бариаг хийхээр төлөвлөж байна. Энэ төрлийн олон улсын уулын дугуйн олон өдрийн уралдаан анх удаа Монгол улсын нутаг дэвсгэрт болж буйгаараа Монголын аялал жуулчлал, Монгол улсыг дэлхийд сурталчилах, Монгол улсад уулын дугуйн спортыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах томоохон арга хэмжээ болно.