Тэрхийн цагаан нуур - Байгалийн цогцолборт газар

Архангай аймгийн нутагт Хоргын тогооны дэргэд байх бөгөөд Хангайн нуруунаас эх авсан Хойд Тэрх ба Урд Тэрхийн голын урсгал галт уулын халуун хайлмал бодисонд боогдон тогтжээ. Цэнгэг устай, 16 км урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 км, талбай нь 61 км.кв, гүн нь 20 метр, д.т.д 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.
Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 км урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн замбараагүй загас олборлолт болон хар галуу их ирснээс үүдэж загасны баялаг нь эрс цөөрчээ. Хар галуу 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог учраас тоо толгой нь ихэдвэл байгал экологид сөрөг нөлөөтэй ажээ.
 
Нуурын тухай нэгэн домог бий, Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу “Тэрхийн цагаан нуур” гэдэг нэр бий болсон гэдэг.
 
Тэрхийн цагаан нуураас 3 км зайд 10 гаруй км.кв талбайтай Хөдөө нуур гэж байдаг. Тэрхийн цагаан нуур нь Хоргын тогооны хамтаар "байгалийн цогцолбор газар" ангиллаар улсын тусгай хамгаалалтанд байдаг.
 

Өвгөн хад: Тэрхийн цагаан нуурын зүүн эрэгт байрлах нуур руу түрж орсон өвөрмөц хэлбэртэй хад байдгийг нутгийн ардууд “Өвгөн хад” хэмээн нэрлэдэг. Холоос харахад сууж байгаа өвгөн хүний дүрстэй харагддаг тул ийнхүү нэрлэжээ. Энэ хаданд хүүхэд багачууд тоглох дуртай байдаг. Олон хүүхэд тоглодог хэдий ч нэг ч хүүхэд бэртэж гэмтэж байгаагүй тийм ээлтэй хад хэмээн нутгийнхан бэлгэшээн ярьдаг байна.