Хорго - Тэрхийн цагаан нуурын Байгалийн цогцолборт газар

Галт уулын өвөрмөц тогтоцыг хадгалагдан үлдсэн Хоргын галт уул, Тэрхийн цагаан нуур, Суман голын хөндий орчмын үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархлан хамгаалж ирсэн бөгөөд 1995 онд УИХ-ын 26-р тогтоолоор 76893 га газар болгон өргөтгөж “байгалийн цогцолборт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авч шинэчлэн бүртгэсэн. 1997 онд Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах Рамсарын конвенцид нэгдсэн. БЦГ-ын нутаг дэвсгэрийн 10.3%-ийг нуур тойром, 17.6%-ийг ой, 9.5%-ийг ойт хээр, 4.6%-ийг намгархаг нуга, 9.7%-ийг нугат хээр, 15.2%-ийг татмын нуга, 16.9%-ийг хээр, 15%-ийг хуурай хээр, 0.7%-ийг тармаг элс, хуурай сайр, 0.73%-ийг хүний үйл ажиллагаанд доройтсон газар тус тус эзэлж байна.

ХОРГО УУЛ: Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 км зайд, Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул. Д.т.д 2210 метр,  Хорго хавийн хүрмэн хад асга, ангал, хавцал гайхам сонин тогтоцтой, агуй, хонхор гүдгэр зэрэгт нуугдаж хоргодох газар олон байдаг. Хамгийн хойд захад нь Хоргын тогоо байх бөгөөд тогооны өрх хөндлөнгөөрөө 200 метр, гүн нь 70-80 метр, 30-36 хэмийн налуутай. Хоргын тогооны орчимд Өвгөн хад, Тэрхийн цагаан нуур, Нуурын арал, Шар нохойн там, Мөсөн хонгил, Залуусын агуй зэргийг үзэж сонирхон аялахад тохиромжтой.  Шар нохойн там хэмээх тогтоц нь 30м орчим эгц өндөр ганга бөгөөд гүн нь 5-10 м байдаг.

ТЭРХИЙН ЦАГААН НУУР: Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байдаг. Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодисонд боогдон үүссэн цэнгэг уст нуур. Урт нь 16 км, хамгийн өргөн нь 6 км бөгөөд 61 кв.км талбайтай. 20 метр гүнтэй, д.т.д 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.  Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. 50 км орчим урсаад Чулуутын голд цутгадаг. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Тэрхийн цагаан нуураас 3км зайд 10 кв.км талбайтай Хөдөө нуур байдаг.

 

Газарзүйн онцлог: Хорго – Тэрхийн цагаан нуурын БЦГ нь Хангайн нурууны төв хэсэгт гол нуруу болон орших Тарвагатайн нурууны салбар уулс хооронд д.т.д 2100 – 2500м өндөрт байдаг. Хойд захаараа Тарвагатайн нурууны өмнөд салбарын Шарил, Гурван даваа, Хутаг уул, Сантын булуу, Тогооны хясаа зэрэг ухаа боржин, асмалжин хадат их сарьдаг уулс, өмнөд захаараа Тэрх, Гичгэнэ, Чулуут голуудын хагалбар болох Мөстийн нуруу, түүний оргил Уран мандал зэрэг уулсаар хүрээлэгдэх бөгөөд хамгийн нам цэг нь 2060м, хамгийн өндөр цэг нь 3130м хүрнэ. Зүүн захын цэг нь Гичгэнэ, Суман голын бэлчир, баруун зах нь Дархан уул, Овоотын хөтөл болно. Газрын гадарга нь өндөр уулс, хуримтлагдсан хурдаст тал, галт уулын нөлөөгөөр тогтсон нууртай. Одоогоос 7200 – 7500 жилийн өмнө Хорго уул дэлбэрч их хэмжээний лаван бүрхүүлийг бий болгосон нь уулын хөндий дэх голыг боож “Тэрхийн цагаан нуур”-ыг үүсгэсэн гэж үздэг. Хоргын тогооны халуун хайлмал чулуу урсаж байхдаа мушгирч атиралдан царцаж уур хийнд үлээгдэн дээшээ овойж гэр шиг хэлбэртэй болсон байна. Энэхүү гэр нь цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй агуйг үүсгэсэн байдаг учраас нутгийнхан түүнийг “чулуун гэр” гэдэг. Хорго нь галт уулын дэлбэрэлтийн төв бөгөөд нуурын өмнө болон зүүн хэсэгт Гичгэний баруун ба зүүн тогоо, Өлийн тогоо, Цагаан уул, Залаа толгой, Мандлын тогоо, Шаврын царам зэрэг 33 хүртэл олон тооны унтарсан галт уулс бий. Тэдгээрийн дундуур Суман, Гичгэнэ, Чулуут голууд усны унал хурд ихтэйгээр хөөсрөн урсаж Хоргын тогооны бүсийн нэгэн гайхамшигт чимэг болдог.

Геологийн тогтоц: Цэрдийн галавын хүрмэн чулуулаг болон девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын гаралтай хүрмэн чулуулагтай. Хангайн уулархаг нутгийн төв хэсэг эрт дээр үед дэлхийн гадаргын гүнд бий болсон маш эртний талжсан чулуулгийн давхаргадаст хамаарна. Эдгээр чулуулаг нь халуун шингэн хайлмаг газрын гүн рүү нэвчин орж царцалт, хатуурал явагдсанаас үүссэн гэж үзэх бөгөөд үүний улмаас дэлхийн гүнд том хэмжээний чангарсан булдруу ба дэр хэлбэрийн чулуун орд бүрэлдэн тогтож энэхүү орд дээрх зарим чулуулгууд дээш өргөгдсөнөөр уулсыг бий болгосон гэж үздэг. Уулс нь эрт төрмөлийн эриний дунд үеийн липаритет, порфир, андезит, мөлгөр хөрзөн, элсэн чулуу, шохойн чулуу, шаварлаг занар зэрэг чулуулгаас голлон тогтоно. Голуудын хөндийд дөрөвдөгч галавын хүрмэн чулуу, делюви-пролювын зузаан хурдас, уулын ам хөндийн эх орчмоор мөсөн голын хурдас түгээмэл тархана.

Хөрс: Хэд хэдэн хэв шинж ялгардаг. Ус намгархаг газар ялзмаг ихтэй хар хүрэн хөрснөөс гадна хүлэрт хөрс, дов сондуултай газраар цэвдэгийн шаварлаг хөрстэй. Уулын ойт хээрийн бүслүүрт ялзмаг ихтэй, чийглэг хар шороо тархсан. Тагийн бүслүүрийн хөрс чийг ихтэй, өвс ногоо, бутлаг ургамлаар баялаг. 2600 метрээс дээш тагийн бүслүүрт өндөр уулсын өвс ургамал өргөн тархсан байдаг. Энэ бүслүүр хуурай хэсгээрээ хүрэн болон хар хүрэн өнгийн ялзмагт хөрстэй, харин чийглэг газраараа цэвдэгийн шаварлаг хөрстэй. 3000 метрээс дээш өндөрт том чулуу ихтэй болох ба энэ чулуунууд криогенетикийн процессын улмаас 2м диаметр бүхий чулуун хүрээг үүсгэдэг. Хүрээний хооронд олон жилийн цэвдэгт хөрс буюу 10-20 см гүнээс эхлэх мөнх цэвдэг, мөн хөрсний өндөр чийглэгийн нөлөөнөөс үүссэн цэвдэгийн шаварлаг хөрс тохиолддог.

Ойн сан: Уулсын хойд хэсгээр Сибирийн шинэс (Larix sibirica) болон Сибирийн хушин ой (Pinus sibirica) зонхилдог. Хур чийг арай илүү унах уулын ар, хормой, өвөр бэлийн нугаар хар мод, гацуур голлосон шилмүүст ой 2100 – 2400 метрийн зурваст ургадаг. Шинэсэн ойн тодорхойлогч төрөл зүйлүүд болох Сибирийн хар мод тархсан. БЦГ-т ойн сангийн нийт талбай 15826 га эзэлдэгээс ойгоор бүрхэгдсэн талбайн 10467 га, нийт ойн сангийн нөөц 1079990м куб байгааг судалгаагаар тогтоосон байна.

Ургамалжилт: Хангай-Байгаль нуур дамнасан уулархаг ойт хээрийн бүсэд хамрагдаж ойт хээрийн, өндөр уулсын, ус намгархаг газрын болон усны ургамал зонхилно. Уулсын хувьд шинэсэн ойгоор хучигдсан байдаг бөгөөд уулын ар хэсэг нарны тусгалд бага өртдөг тул илүү чийглэг хөрстэй, энгэр хэсгээр хээрийн ургамал, нуур, голд усны ургамал, харин эрэг хавиар ус, намгархаг газрын ургамал ургаж, уулын оройгоор өндөр уулын ургамал ургана. БЦГ-т 120 төрлийн ургамал бүртгэгдсэн. Нийт бүртгэгдсэн ургамлуудаас 4 төрөл нь Монгол орны Улаан номонд ховор ба нэн ховор ангилалд багтсан. Өргөст нохойн хошуу (Rosa acicularis, Thymus gobicus), цагаан түрүү (Leontopodium ochroleucum), хөх дэгд (Gentiana azurea), цагаан дэгд (Gentiana algida), жимснээс өргөст тошлой (Grossula acicularis), алирс нэрс (Vaccinium vitis-idaea), намгийн нэрс (Vaccinium uliginosum), хад (Ribes altissimum), бас үхрийн нүд (Ribes nigrum) ургадаг.

Эрэг хавьд усны 30-50см гүнд утсан усан хөрш (Potamogeton filiformis), шүхэрт альчинга (Butomus umbellatus) зэрэг ургамал элбэг, усны мандал дээр гурван илтэст лавшага (Lemna trisulca) хөвдөг. Илүү гүн хэсэгт буюу хамгийн багадаа 2.5 метрийн гүнд түрүүлиг түмэн навчит (Myriophyllum spicatum), уртхан усан хөрш (Potamogeton praelongus, Chara spec) зэрэг ургана. Нууранд угларсан усан хөрш, урт усан хөрш, жижиг усан хөрш, усны шөвгөлж зэрэг усны ховор ургамалтай.

Нуур, голын эрэг нь ус намгархаг газрын ургамлаар хучигдсан байдаг. Энд сахалт гэц давслаг ургамал (Halerpestes sarmentosa, Axapcopt), арвай өвс (Hordeum brevisubulatum) ургадаг. Бусад нийтлэг ургамлууд болох ширэг улалж (Carex duriuscula), марцны цэгээлж давслаг ургамал (Glaux maritime), галуун гичгэнэ (Potentilla anserina), бөхгөр хаварсал (Primula nutans) зэрэг ургамлууд нийтлэг тохиолдоно.

Ан амьтан: Хорго-Тэрхийн цагаан нуурын БЦГ-т 22 төрөл зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн байна. Түүний 3 нь устаж болзошгүй, 6 нь ховордож болзошгүй төрөл зүйлд хамаарна. Зэрлэг гахай (Sus scrofa), халиун буга, баданга хүдэр, бор гөрөөс, шар үнэг, хярс, монгол тарвага зэрэг амьтдын тоо толгой цөөрсөн байна. Хоёр нутагтан болон хэвлээр явагчдаас монгол бах (Bufo raddei), бамбай хоншоорт (Agkistrodon halys) могой бий.

Шувууны зүйл: 121 зүйлийн шувуу бүртгэгджээ. Дэлхийн хэмжээнд хоордож буй зүйлүүдээс хошуу галуу, усны нөмрөг бүргэд, идлэг шонхор, хонин тоодог бий. Усны шувуудын хувьд ус намгархаг газар, ялангуяа БЦГ-ын баруун хэсэг өндөглөх, амрах газар болдог. Нүүдлийн шувуудаас газарзүйн популяцийн 1% давсан тоогоор тураг гогой, хээрийн галуу, хондон ангир, алаг шунгаач, гэзэгт шумбуур, хумхин бохио, умардын хавтгаалж цуглана. Тэрхийн цагаан нуурын доторхи хавтгай лаван арал дээр хараалай, дөрт нугас зэрэг, нуурын баруун талын арал дээр тураг гогой, мөнгөлөг цахлай зэрэг шувууд өндөглөж үрждэг байна. Тэрхийн цагаан нуур, баруун талын жижиг нуурууд нь “Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай” Рамсарын гэрээ болон “Шувуу хамгаалах олон улсын байгууллага”-ын шувуунд чухал ач холбогдолтой газраар тус тус сонгогдсон байдаг. Тэрхийн цагаан нуур, Хөдөө нуурт цурхай, алгана, зэвэг зэрэг 10 орчим зүйл агнуурын загастай.

 

Домог 1: Эрт үед худгаас ус авсан хүмүүс худгаа таглахаа мартсанаас болж их хэмжээний ус олгойдон гарч хөндийг дүүргэн сүйд болжээ. Хүмүүс “хоргоогоорой” хэмээн хашгирч  байснаас “Хорго” хэмээх нэр үүсэж, хоргоогдож тогтсон ус нь “Тэрхийн цагаан нуур” болжээ.

Домог 2:  Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу “Тэрхийн цагаан нуур” гэдэг нэр бий болсон гэдэг.

Домог 3: Эрт цагт арын сайхан хангай нутагт нэгэн ноён охинтойгоо хамт амьдардаг байжээ. Ноёныд улаан хөлтнийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж гэнэ. Бас ноёныхтой ойрхон нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба тэр хоёр айлын хүүхдүүд хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноёнтон охиноо хол нутагт суух баян хүнд эхнэр болгон өгөхөөр болоход охин нь өөрийн нутаг, хайртай залуудаа хоргодож уйлсаар байгаад нуур болон хувирсан нь Тэрхийн цагаан нуур ажээ. Хайртай залуу нь сэтгэлт бүсгүйтэйгээ уулзаж байхын тулд гол болон хувирсан ба энэ нь Тэрхийн цагаан нуураас эх аван урсах Суман гол гэнэ. Шар нохой нь өтлөөд галзуураад ойртсон бүхнээ урдаг болсон тул охиныхоо захиас ёсоор эцэг ноён агуйн ангалд аваачиж хийжээ. Нохой нь гурван хоног улисаар үхсэн учраас тэр агуйг Шар нохойн там хэмээн нэрлэжээ. Ноёнтон охиноо санаад хамт байхын тулд нуурын хөвөөн дээр очиж өнгийн суусаар байгаад хад болон хувирсан ба энэ нь нуурын эрэг дээрх Өвгөн хад гэнэ.

Домог 4: Нэгэн баян ноёнтон эрх танхи өссөн охинтой бөгөөд охиндоо их хайртай байж гэнэ. Тэднийд нэгэн шар нохой байх ба охин нь нохойгоо эрхлүүлэн хамтдаа өсөж өндийжээ. Гэтэл нэг өдөр хайртай эрх танхи охин нь хүндээр өвдөж орноосоо өндийхгүй болжээ. Ноёнтон нутгийн эрдэм номтой мэргэн ламаас асуухад “Чи хайртай охиноо хамгийн түрүүнд гуйж ирсэн хүнд эхнэр болгон өг, харин хайртай нохойг нь нүхэнд хаях хэрэгтэй, чингэвэл охин тань эдгэх юм байна” хэмээн айлджээ. Ноёнтон хэлснээр нь болгож охиныг нь хамгийн түрүүнд гуйж ирсэн эд хөрөнгөгүй ядуу хүнд өгч, охиныгоо явсны дараа гасалж гангинаад салахгүй байсан шар нохойгоо гүнзгий нүхэнд хаяжээ. Нохой нь тэр нүхэндээ гасалж гийнасаар хатаж үхэж гэнэ. Тэр цагаас хойш тэр нүхийг “Шар нохойн там” хэмээн нэрийдэх болжээ.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах