Монголын аялал жуулчлалын салбарт 2000 оноос хойш ажилласан 20 жилийн баялаг туршлагатай. Аяллын хөтөч, менежер бэлтгэх, хөдөө орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх маркетинг, аялал жуулчлалын боловсрол олгох чиглэлээр 100 орчим сургалтыг амжилттай зохион байгуулсан.
МЗХ, Next stop клуб, Хүннү-Атилла судлалын сан зэрэг ТББ-д нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал гэх мэт албан тушаалыг хашиж ирсэн бөгөөд аливаа хамт олныг удирдан зохион байгуулах чадвар нь эдүгээ тус компанийг урагшлуулах хүч болдог.
Аялал жуулчлалын салбарт анх удаа хувийн хэвшлийн “жуулчны мэдээллийн төв”-ийг байгуулан төр засгийн дэмжлэггүйгээр 10 жил удирдан ажиллаж Монгол оронд зочилсон 200 мянга орчим жуулчинд Монголын тухай, Монголд хэрхэн аялах тухай зөвлөгөө мэдээллийг хүргэсэн ба тус үйлчилгээний чиглэлээр олон арван залуучуудыг туршлагажуулж чадваржуулсан.
Гадаадын жуулчдыг Монгол орноор аялуулах үйл ажиллагааг 14 жил зохион байгуулсан бөгөөд жуулчдын зан чанар, Монголд юуг зорилго болгон аялдаг, ямар сэтгэл ханамж авдаг, юунд гомдоллодог гэх мэт олон асуудалд мэдлэг туршлага хуримтлуулсан байдаг нь аялал жуулчлалын бизнес, аялал жуулчлалын сургалтыг амжилттай зохион байгуулахад томоохон тулгуур болдог.
Мөн Япон, Тайланд, Солонгос, Тайвань, Вьетнам, Камбожи, Хонконг, Улаан-Үд, Манжуур, Утай, Гүмбэн, Ордос, Бээжин, Жанжиажэ, Индонез, Сингапур, Малайз, Макао гэх мэт аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж буй улс орон, бүс нутгуудаар аялах, хурал зөвлөгөөнд оролцох, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол жуулчдад газарчлах гэх мэтээр идэвхтэй ажиллаж ирсэн нь Монголын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг сургах, орон нутагт аялал жуулчлалын зөвлөхөөр ажиллахад чухал мэдлэг туршлага болдог. Эдүгээ Японы их сургуульд нэмэлт зэрэг олгох хөтөлбөрт онлайнаар суралцаж байна. Мөн Дорнод аймгийн “Дорнод Аялал Жуулчлалын Нэгдэл”-ийн зөвлөхөөр ажиллаж байна.