Элсэн говь цөлийн унаган ургамал бөгөөд улиас модны төрөл зүйлд хамаарна. Говь цөлийн элсэрхэг хөрсөнд, уулын хавцал амны булаг шандтай ойрхон чийглэг орчинд ургадаг. Монгол орны Өмнөговь, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад говийн бүсийн 30 орчим баянбүрдийн хүрээнд 53 мянган тоорой бүртгэгдсэн байна. Тоорой нь нэн ховор мод учраас Улаан номонд бүртгэгджээ.
Тоорой модны өндөр нь 6-10 метр, навчны хэлбэр олон янз байдаг нь анхаарал татдаг. Нялх залуу тооройн навч нарийн хөмсөг шиг буюу нэг зүйл бургасны навч шиг, идэр залуу тооройн навч хус модны навч шиг шүдэлсэн бөөрөнхийдүү, өтөл хөгшин тооройн навч зууван гонзгойдуу хэлбэртэй гэх мэтээр 7-8 янзын навчны хэлбэрүүд зөвхөн тоорой модонд ургадаг ажээ.
Иш нь сааралдуу, навчис нь арьсархуу, саарал, бүдэг өнгөтэй. 5 сарын эхээр цэцэглэж, 7 сарын эхээр үр боловсорч дуусна. Говийн мал тоорой модны залуу мөчрийг ихээр идэж гэмтээдэг тул ургах нөхцөл нь харьцангуй хязгаарлагдмал байдаг. Тооройг үр мөчрийн тайрдас, үндэсний ичмэл нахиагаар ургуулдаг.
Говь нутгийн өтгөс буурлууд “Мянган жилд үхэхгүй, үхсэн ч мянган жилд унахгүй, унасан ч мянган жилд илжрэхгүй мод” хэмээн тоорой модыг ярьсаар иржээ. Говийнхон тооройг гэр ахуйн хэрэгсэл, малын хашаа саравч барих зэрэгт хэрэглэж иржээ.
Говь-Алтай аймгийн Баянтооройд байгалаараа ургасан 1600 гаруй тоорой мод тоологдсон байна. Монголд “Тооройн төлөө” ТББ үйл ажиллагаа явуулдаг. Байгалийн хувьд ижил төсөөтэй Хятадын Шинжаан Уйгар, Ганьсу муж, Хөхнуур гэх мэт газруудад тархан ургадаг ба хятадууд “Тоорой модны баяр”-ыг том эвент болгон зохион байгуулдаг.
Баянхонгор аймгийн Шинэжинст суманд Говийн их дархан газрын үзэсгэлэнт Эхийн голын ойролцоо Саардаг хэмээх газарт “хаан” хэмээн өргөмжлөгдсөн тоорой бий. Өргөнөөрөө 7 метр бүдүүн бөгөөд насанд хүрсэн 5 хүн алдалж зогсоод тойрч хүрдэг байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах