Цагаан уул цэцгийн домог: Өнө эрт цагт хорвоо дэлхий дээр өвөл зун гэсэн хоёр улирал л ээлжлэн ирдэг байсан цаг үест нэгэн хаан хатан хоёр үзэсгэлэнт сайхан гүнжийнхээ хамт амьдран суудаг байжээ. Гоо үзэсгэлэн төгөлдөр гүнж охиныг эхнэр болгохыг хүссэн олон хаан хөвгүүд, эрэлхэг баатар эрс ирж сүй тавихыг гуйдаг байв. Бүсгүйд ямар ч эр таалагдаагүй учраас гуйж ирсэн бүх эрчүүдээс татгалзжээ. Эцэст нь гүнж “надад хосгүй үзэсгэлэнт Цагаан уул цэцэг авчирч өгсөн хунтайжтай гэрлэнэ” хэмээн мэдэгджээ. Гүнжийн болзол холын хол, мянган уулсын цаадах улс гүрнүүдээр тархаж, тэр ховор гайхамшигт цэцгийг олж авчрахаар олон баатар эрс, хунтайж нар мордоцгоож гэнэ. Сарьдаг өндөр уулын оройд ургадаг тэр цэцэг рүү хүрч очих зам байхгүй, их л бартаа саадтай газар байдаг ажээ. Гэтэл нэгэн цөс ихтэй, омог бардам залуу тэрхүү цэцгийг олж ирэхээ амлаад аян замд гарчээ. Өнөөх залуу түмэн бээрийг туулж, саад бэрхшээлийг давсаар үзэсгэлэнт Цагаан уул цэцгийг авч чадаад хааны ордонд ирсэн боловч өнөөх гүнж нь Цагаан уул цэцэг авчирч өгөх хунтайжийг хүлээсээр байгаад өтөл эмгэн болсон байна гэнэ. Харин өнөөх эрэлхэг залуу Цагаан уул цэцгэнд хүрч чадсан тул хааны ордон руу явах зам зууртаа бага багаар залуужиж идэр сайхан зүсээ эргүүлэн олж гэнэ. Баатар эр эмгэн болсон гүнжтэй гэрлэхээс татгалзаж адал явдал хайн дахин холын аянд гарчээ. Тэр цагаас хойш хосгүй ховор Цагаан уул цэцгэнд хүрч чадсан хэн боловч үргэлж аз хиймороор гийж байдаг гэсэн домогтой болжээ.
Зүйлийн нэр нь “Эгэл цагаан түрүү”, Шинжлэх ухааны латин нэр нь Leontopodium Leontopodiodes англи нэр нь Edelweiss, Lion’s foot гэдэг. Нийлмэл цэцгийн овогт багтах 40 гаруй зүйл ургадаг. Ерөнхийд нь Альпийн нурууны болон Сибирийн гэж 2 ангилдаг. Цагаан уул цэцгийн олон улсын нэршил “Leonpodion”нь “Арслангийн алга” хэмээх утгатай грек гаралтай үг.
Монгол оронд Сибирийн ангилалд багтах 4 зүйл Цагаан уул цэцэг ургадаг. Сибирийн Цагаан уул цэцэг нь нэг нэгээрээ цэцэглэдэг онцлогтой. Навч нь цувраа байрлалтай, цэцгийн хамт гадуураа үсэрхэг бүрхүүлтэй. Монголчууд эртнээс нааш Цагаан түрүү, Уул өвс, Ул өвс, Суйх гэх мэтээр нэрлэж ирсэн. Бусад цэцгийн адил зуны улиралд цэцэглэж, намар ганддаг ч жилийн 4 улирлын туршид нэг л өнгөөрөө байдаг учраас “үхэлгүй мөнхийн бэлгэдэл Цагаан уул” хэмээн онцолж ирсэн. Хүйтэнд тэсвэртэй, чийгэнд дуртай, олон наст ургамал бөгөөд уулын хээр, ойт хээр, хээрийн бүсэд хад чулуурхаг ууланд тархан ургадаг. Мөн эмийн ургамлын бүлэгт багтах ба булчирхайн үрэвсэл, цус алдах өвчинд тустай. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан тунгийн хэмжээ тодорхойгүй ч цэцгийг хатааж халуун усанд хандлаад өвдсөн хүнд уулгадаг байсан аж.
Ахмад настнууд үндсийг нь гэмтээхгүйгээр газарт үлдээж, цэцгийг нь түүж аваад цусны даралтыг бууруулах зорилгоор “дэр” хийж дэрлэхээс гадна гутал дотроо дэвсэж хэрэглэдэг байна. Гаднах үсэрхэг хөвөнг авч гал асаахад хэрэглэж ирснээс гадна хүний биенд туурах “могойн яр” хэмээх арьсны өвчинд хөвөнг цахиж хүхэр үнэртүүлэн эдгээдэг дом байсан хэмээн хэлэлцдэг. Харин малчид болохоор Цагаан уул элбэг ургасан газарт малаа бэлчээвэл малын гэдэс дүүрнэ хэмээн үзэж аль болох өөр газарт малаа бэлчээрлүүлдэг байжээ.
Францын ургамал судлаач Жан Поль, Виржини Лусс нар гэрлийн янз бүрийн спекторт Цагаан уул цэцэгний зургийг авч хэт ягаан туяаг бүрэн шингээдэг болохыг баталжээ. Түүний үсэрхэг бүрхүүл нь хүчирхэг шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг болохыг хожим эрдэмтэд электрон микроскопоор илрүүлсэн нь ба “нано” бүтэцтэй нарны тос бий болгоход гол түүхий эд нь болжээ.
Цагаан уул цэцгийг Ази, европын 16 оронд хуулиар хамгаалдаг ба Франц, Германд “үнэнч хайрын бэлгэдэл” болгон шүтдэг. Альпын Цагаан уул маш өндөр газарт, хад асга дунд ганц нэгээрээ ургадаг тул Европын ард түмэн түүнийг түүж цуглуулах нь битгий хэл барааг нь ч хараагүй хүмүүс олон байдаг гэнэ. Тиймээс европын орнуудад баатарлаг эрчүүд хайртай бүсгүйдээ энэ цэцгийг олж бэлэглэхийг хүсдэг байжээ. Хэрвээ олж бэлэглэвэл хайрын хамгийн том илэрхийлэл, хамгийн нандин бэлэг болохоос гадна тэр залуу өөрийн эр зоригоо харуулсан явдал болдог байжээ. Эртний домогт энэ цэцгийг Зевс бурханаас анх гал хулгайлан авчирч хүн төрөлхтнийг галтай болгосон “Поромотейн цэцэг” гэж өгүүлжээ. Цагаан-Уул цэцгийг ариун хайрын бэлгэдэл хэмээн дээдэлж түүнийг магтсан дуу шүлэг монголд төдийгүй европын олон оронд бий.
Эх сурвалж: Монгол орны лавлах