Мангир

Монгол оронд таана, мангир, хөмүүл, сармис, зэрлэг сонгино, халиар зэрэг 30 орчим зүйлийн байгалийн болон таримал сонгино бий. Сонгино хурц үнэр, гашуун амт бүхий олон наст ургамал юм. Тэдгээрийн нэг болох Мангир бол говийн бүсийн унаган ургамлын нэг. Найрлаганд нь А, В, С, Д, В1, В6, РР аминдэм агуулагддаг. Мөн эфирийн тостой учир хурц үнэр, хүчтэй дарвигнуулах амттай. Мангирыг “хижээл сонгино” гэж нэрлэдэг бөгөөд Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянганы уулс, Ховд, Монгол Алтай, Дундад халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Дундговь гээд бүх нутгаар тархсан байдаг. Хээрийн нуга, эргийн нуга, голын эргийн ба нугын сөөгөн ширэнгэнд ургана. 20-60 сантиметр өндөр иштэй, 4-8 миллиметр өргөн, хавтгай, хөх саарал өнгийн навчтай. Тал бөмбөлөг бүхий өтгөн шүхэр хэлбэр үүсгэсэн ягаандуу өнгийн цэцэгтэй. Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын Зүүн сайханаас 16 хромсомтой мангир олдсон нь Монголоос үүсэлтэй болохыг баталжээ. Говьд үүссэн хэдий ч сэрүүн уур амьсгалтай газар руу дөхөх тусам генетик бүтцээ өөрчилж 36, 42 хромсомтой болсон байдаг. Үүнээс үзэхэд мангир нь ямар ч уур амьсгалын нөхцөлд дасан зохицож ургах өндөр чадвартай болохыг илтгэж байгаа ажээ. Хромсом их байх тусам өндөр ургадаг онцлогтой.  Бүх мал сайн иддэг бэлчээрийн ургамал бөгөөд мөн хүнсэнд хэрэглэдэг.

Эх сурвалж: Монгол орны лавлах