Нэрс

Архангайн Тариат, Завханы Тосонцэнгэл, Хөвсгөл, Хэнтийд их ургадаг. Зуувандуу хэлбэртэй навч бүхий 0.5-1 метр өндөр сөөгөнд ургана. 5-6 дугаар сард цэцэглэж, 7-8 дугаар сард үр жимс нь боловсордог. Цэгээн өнгөр бүхий хар өнгийн жимсгэнэтэй. Нэрсэнд дубилын буюу идээлэх бодис 17 хувь, органик хүчил 7 хувь,  сахар 25 хувь, А, В, С аминдэмүүд, эфирийн тос, төмөр, хром, зэс, марганц зэрэг бодисууд агуулагдахаас гадна калори багатай, исгэлэн, антиоксидант, фитонутриентээр баялаг. Сүүл үеийн судалгаагаар нэрснээс цусан дахь сахарын хэмжээг багасгадаг бодис илэрчээ. Хоёрдугаар зэргийн чихрийн шижинтэй хүмүүс тохируулж хэрэглэвэл тустай. Нэрс нь цусан дахь хлостериныг бууруулах, цусны эргэлтийг сайжруулах, зүрх судас ба тархины үйл ажиллагааг сайжруулах, цус төлжүүлэх, бөөр чулуужих, үе мөч өвдөх, шээсний замын үрэвсэлт өвчинг анагаах, тэдгээрийн үрэвслээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Хар нэрсийг байнга идэж байвал ой тогтоолт сайжирч, хөгшрөх үйл явц удааширч, нүдний хараа сайжирч, хиймэл гэрлийн нөлөөнөөс үүссэн ядаргаа тайлагддаг сайн талтай. Буйлны өвчин, хоолойн өвчтэй хүмүүс хар нэрсний өтгөн хандаар хоолойгоо зайлахад тустай байдаг байна. Тус хандыг бэлдэхдээ 100 грамм хуурай үрийг 500 грамм усанд 300 грамм болтол буцалгаж хандлаад хөргөн шүүнэ. Орчин үеийн анагаах ухаанд нэрсний хандыг хараа сайжруулах нүдний дусаалга хийхэд ашигладаг. Харааны мэргэжил шаардсан нисгэгч жолооч гэх мэтийн хүмүүс их хэрэглэж байвал зохистой жимс юм. Нэрсийг зориулалтын самнуураар түүвэл чанар нь алдагдахгүй.

Эх сурвалж: Монгол орны лавлах