Хангай, Хэнтий, тал хээрийн бүсийн ихэнх нутагт ургана. Салаалсан буюу энгийн урт үндэслэг иш бүхий олон наст ургамал. Мөчирлөг шулуун иш нь 50 сантиметр өндөр, эхэн үедээ нүцгэн байж байгаад цэцэглэх үед зөөлөн үсээр битүү хучигддаг. Навч нь цайвар ногоон өнгөтэй, гурвалсан, богино бариултай, ишиндээ цуварч байрласан. Гурав гурваар үелсэн том шар цэцэгнүүдтэй, 6-7 дугаар сард цэцэглэдэг. Үр нь 4 миллиметр орчим бөөрөнхий хэлбэртэй, харавтар өнгөтэй, гялгар гадаргуутай. Тарваган шийрийн найрлаганд алкалоид 1.2-2.5 хувь, гликозидууд, сапонин, аргаах бодис, давирхайлаг бодис, салс, эфирийн тос, С аминдэм бага зэрэг агуулагддаг. Хуурай ханд бэлдэхдээ цэцэглэх үед нь бэлддэг. Ханиад, ханиалга, амьсгалын замын эрхтний бусад өвчинд өргөн хэрэглэдэг эм юм. Тарваган шийр нь орон сууцны хортон шавьж устгадаг бодисонд бас орно.