Төв Азийн унаган ургамал бөгөөд Монгол орны ойт хээр, тал хээрийн бүсэд уулын ар, хажуу хөндийг өгсөн чийглэг зөөлөн хөрсөнд хүрээ үүсгэн ургадаг. Салбант мөөгний овогт хамаарах хамгийн их тархсан, тэжээллэг чанартай доод ургамал бөгөөд эмийн ургамалд багтана. Малгайн орой нь цагаан, томорсон үеийн голч нь 6-19 сантиметр, цагаан өнгийн шилбэ нь суурь руугаа бүдүүрсэн богино, малгайтайгаа бат бэхлэгдсэн байдаг. Малгайн доод тал нь мөн адил цагаан өнгийн салбангуудаас тогтоно. 9-10 дугаар сар хүртэл ургах бөгөөд хүрээнд нь өөр төрлийн мөөг ургадаггүй. Хур бороо ихтэй жил элбэг ургана. Найрлаганд нь төрөл бүрийн уургийн нэгдэл, ферментүүд, нүүрс ус, өөх тос, аминдэм, эрдэс бодис зэрэг агуулагддаг. Түүхдээ өглөө эрт түүх нь тохиромжтой. Өглөө мөөг чийрэг чанга байхаас гадна өглөөний наранд тод харагдана. Сийрсэн сав хувинд түүж, гүйцэд хатаах хэрэгтэй. Дутуу хатаавал амархан мууддаг. Хатаахаас өмнө цэвэрлэх бөгөөд усанд угааж болохгүй, их шороотой хэсгийг огтлон хаяж, цэвэр хөнгөн даавуугаар арчиж цэвэрлэдэг. Хэрвээ өт хорхойтой байвал буцламхай халуун усанд 2-3 удаа дүрээд хурдан сэврээж хатаана. Утсанд хэлхэж хатаахдаа хэрчим бүрийн хооронд цаас хавчуулна. Нялхсын халуун, савны халуун, дотор халуун бууруулах, элэгний өвчинг эмчлэхэд хэрэглэдэг. Сүүл үеийн судалгаагаар артерийн цусны даралтыг бууруулдаг, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг тогтоожээ. Цагаан мөөгийг хүнсний зориулалтаар бэлтгэх үед хөрсөн доорхи үндсэн ургал биеийг гэмтээх, хэт залуу нялх мөөгийг тасдан авах зэргээр тархац нөөцөнд нь сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд устах аюулд өртөөд байгаа юм. Ийнхүү ховордож байгаа учраас Улаан номонд бүртгэж ховор ургамлын жагсаалтанд оруулжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах