Анх Оросын эрдэмтэн Н.М.Прежевальский 1888 онд монголчуудын хоол хүнсэндээ хэрэглэдэг энэ чухал ургамлыг олж, ургамлын аймагт тэмдэглэн үлдээжээ. Тэрээр Монголчууд хавар ямар ч тариалалт хийхгүйгээр элсэн цөлөөс маш их амт чанартай үр тариа боловсруулж гурил хийж байна гэж бичиж байжээ. Говь цөлийн элсэрхэг хөрсөнд их ургадаг, харахад халгай шиг ургамал бөгөөд монголчууд дээр үеэс амуу тарианы ургамал гэж тооцож ирсэн. Нутгийнхан “сульхир” ч гэж нэрлэдэг. Хар цагаан хоёр төрлийн сульхир байдаг. 8 дугаар сард үр нь боловсрохдоо хар цулхирынх нь хар, цагааных нь цагаан үр байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, үрээр нь хар цагааныг нь ялгадаг.
Цулхир нь бараг усгүй шахуу элсэн дунд 1-1.5 метр өндөр ургаж, хөрсийг тогтоож батжуулдаг. Ган гачигт маш тэсвэртэй, үндэсний систем нь сайн хөгжсөн үет ургамал юм. Хоёр цулхирын аль алиных нь үрийг түүж хүнсэнд хэрэглэдэг бөгөөд үрэнд нь уураг 23 хувь, тос 8.6 хувь, нүүрс ус 60 хувь агуулагддаг учраас шим тэжээлийн хувьд үр тарианы ургамлаас дутахааргүй байдаг. Уураг тосны агууламжаараа давж гардаг. Түүсэн үрээ хатааж, гараар тээрэмдэн гурил болгон боловсруулдаг. Өрөм, өөх тос зэрэгтэй хольж үнэр амт оруулан багсарч өдөр тутмын цайндаа хийц болгон ашиглана. Ардын уламжлалт эмнэлэгт хүртэл ашиглаж иржээ. Цулхирын уургийн агууламж нь үхэр хонины махтай эн зэрэгцэнэ. Жишээ нь үхрийн мах 17-18 хувийн уураг агуулдаг бол цулхир 21-23 хувь агуулдаг. Мөн үл орлогдох аминхүчил, ханаагүй тосны хүчил, эрдэс бодисын хэмжээ нэн өндөр байдаг. Цулхир нь хүний биед шингэц сайтай, хүч тамирыг сэргээх, өтгөн хатахаас сэргийлэх үйлчилгээтэй. 1950-иад онд судлаач С.С.Станков гэдэг хүн Казакстанд элсний нүүдлийг зогсоохын тулд цагаан цулхир тарьж, тэрхүү туршилт нь тун амжилттай болжээ. Энэ жишгээр Монголын говь цөлийн элсний нүүдлийг хязгаарлан барих боломжтойн дээр цулхирын үрийг ч давхар авч хүнсэндээ ашиглах ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах