Монгол оронд Цагаан цээнэ ба Ягаан цээнэ гэсэн 2 зүйл ургадаг. Цагаан цээнэ нь нугын хээр, хээрийн ба алаг өвст нуга, толгодын энгэр, уулын бэлийн сийрэг сөөгөн ширэнгэ, голын хөндий, уулын хормойд маш сийрэг ургадаг. Хянган, Дорнод Монгол, Монгол Дагуурын тойрогт тохиолдоно. Харин Ягаан цээнэ нь шинэсэн ой, холимог ой, ойн зах, хулсан ой, голын зах дагаж ургасан сөөгөн ширэнгийн ёроолд, чийглэг хөрсөнд ургадаг. Хангай, Хэнтий, Монгол Дагуурын тойрогт тааралдана.
Олон наст өвслөг ургамал. Үндэс, үндэслэг ишний хэсгээр үрждэг. Цагаан цээнэ ба ягаан цээнийг ардын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн. Ягаан цээнийг умайн улайлт, саажилт, унадаг өвчин, гар хөл чичрэх, нойргүйдэл, тархинд цус харвах, шээс задгайрах, түрүү булчирхай, уушигны үрэвсэл, ходоодны шархлаа, цус өтгөрөлт, ой тогтоолт, бамбай булчирхайд хэрэглэнэ. Цагаан цээнийг халуун ханиад, ханиалгах, уушгины янз бүрийн өвчин, цэр ховхлох, бөөрний өвчин, шээс задгайрах, ходоодны шархлаа, шулуун гэдэсний үрэвслийн өвдөлтийг зогсоох, мэдрэлийн өвчнийг тайвшруулах, хөгшрөлтийг удаашруулахад хэрэглэнэ. Эмийн найрлаганд оруулахын тулд намар есдүгээр сарын эхээр түүж, хатаадаг. Цээнийн ягаан цэцэгнээс “согоон сав”-ыг гаргаж авдаг бөгөөд тэр нь тус цэцгийн үрийн хонхорцог юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах