Нарс мод

Гуалин банз бэлтгэдэг гол түүхий эд бол нарс. Нарс нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаас гаралтай мод юм. Мөнх ногоон, давирхайтай, дунджаар 30-40 метр өндөр ургаж, 300-500 хүртэл жил насална.  Латин нэр нь “Pinus” бөгөөд хад хясаа гэсэн утгыг илэрхийлдэг. Нарс мод хоосон, үржил шимгүй хөрс шороо, тэр ч байтугай хад хясаан дээр хүртэл ургаж чаддаг. Мөчир нь их биенээсээ сайтар тусгаарлагдан ургадаг. Үндэс нь хааш хаашаа маш их тэлж ургадаг учраас шим тэжээлээ хангалттай олж авч чаддаг. Залуу нарсны оройн хэлбэр конус хэлбэртэй байдаг бөгөөд наслах тусам бөмбөгөр болж дугуй шүхэр хэлбэртэй болдог. Их биений доод хэсгийн холтос нь улаан хүрэн өнгөтэй, дээд хэсгийн мөчрүүд нь алтан шаргал байдаг.

Нарсны навч нь торгомсог бөгөөд гэрлийг доош нь сайн нэвтрүүлдэг. Тийм учраас нарсан ой их гэрэл гэгээтэй байдаг байна. Хос хүйстэй ба эр эм боргоцойтой байдаг. Эр боргоцой нь 1-5 сантиметр бөгөөд хавар богино хугацаанд урган тоос хүртэлтийн дараа унадаг. Харин эм боргоцой нь тоос хүртэлтийн дараа 1.5-3 жилийн дотор боловсорч гүйцэх бөгөөд 3-60 хүртэл сантиметр хэмжээтэй болтол өсдөг. Тоос хүртэлт нь салхи болон зарим шувуугаар дамжин тархдаг байна. Нарс бол байгалийн аясаар нөхөн сэргэдэг онцлогтой мод юм. Нэг га талбайд 3000 суулгацыг тариалах боломжтой. Үүний 80 хувь нь ургаж өсдөг байна.

 

Зөөлөн, өнгөлөг, яр багатай, хөнгөн байдаг учраас нарсаар гэр ахуйн эдлэл, авдар сав, шүүгээ сандал хийдэг. Харин бусад улс оронд нарсаар усан онгоцны гол мод, байшин барилгын хана туурга, газрын гүний уурхайн бэхлэлт, цахилгаан дамжуулах багана мод, тавилга зэргийг хийж ирсэн. Модноос нь цаас, хиймэл арьс, торго, давирхайнаас нь шүүс гаргаж авдаг. Мөн тэдгээрээс төрөл бүрийн лак, будаг, эм тан зэргийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг. Шилмүүснээс нь амин дэмүүд гаргаж авна. Нарс нь агаарыг төрөл бүрийн нянгаас цэвэрлэж өгдөг. Хамгийн намхан нь Сибирийн давжаа нарс юм.

 

НАРСНЫ ШИЛМҮҮС: Нарс мод хүний дархлааг нэмэгдүүлж, интерферон хэмээх бодис ялгаруулдагаараа бусад навчит модноос онцгой ялгардаг. Тиймээс нарсан ойтой газар өндөр настан, хүүхдийн сувиллыг байгуулдаг ажээ. 20 настай 1 га нарсан ой нь өдөр бүр 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулдаг. 100 кг хүчилтөрөгч нь 4 ам бүлтэй нэг айлын бүтэн жил амьсгалах цэвэр агаар юм. Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чадна.

Эрт үед даозмын санваартнууд нарсны шилмүүсэн цайг “урт насалдаг” хэмээн ихээр уудаг байв. Хөгшрөлтийг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон аж. Нарсны унасан шилмүүсийг түүж гэрийн зууханд шатаах, эсвэл буцалгаж хэрэглэвэл орчинд нарсны сайхан үнэр тархана.

Нарсны холтосны ханданд хүний биеийн судас тэлэх, цусны урсгалыг сайжруулах үүрэгтэй азотын исэл /NO/ агуулагддаг. Бэлгийн сулрал, сахарын хэмжээ ихсэх, чихрийн шижин өвчнийг засахад тустай.

Нарсны шилмүүсийг 5 халбага авч 500 мл усанд хийж зөөлөн гал дээр 10 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-ээр 3-4 удаа 30 хоног хэрэглээд 30 хоног завсарлана. Элсэн чихэртэй дарж сироп хийж болно. Нарсны шилмүүсний идээшмэл нь цайвар ногоон шаргал өнгөтэй, үл ялиг исгэлэн амттай, ойн шилмүүсний үнэртэй байдаг.

  • Дархлааг сайжруулдаг С амин дэмээр элбэг бөгөөд нимбэгт агуулагддагаас их үзүүлэлттэй.
  • А амин дэмээр баялаг тул нүдний хараанд сайнаар нөлөөлж, үс, арьсны нөхөн төлжилтийг сайжруулж, цусны улаан эсийн нийлэгжилтийг сайжруулдаг.
  • Нарсны шилмүүс нь антиоксидант агуулдаг учраас хүний биед хортой, өвчин үүсгэгч чөлөөт радикалуудыг бууруулдаг.
  • Зүрхний өвчин, арьсны цочрол, ядаргаа гэх мэт өвчнийг намдаах үйлчилгээтэй.
  • Цэр хөөх үйлчилгээтэй, хоолойн өвчинд тустай.
  • Тархины цусан хангамжийг сайжруулах, оюун ухааныг сэргэг байлгах, сэтгэл хямралыг арилгах, хэт таргалалт, харшил, даралт ихсэх зэрэг өвчлөлөөс сэргийлэхэд сайн. 
  • Хаван хөөх, уураг алдах, бөөрний өвчин /nephrosis/, шамбарам /condyloma/, түлэнхий, буйл, амны хөндийн үрэвсэл, уушигны бронхит, астма, судас битүүрч үрэвсэх, булчингийн хатингаршил, хураагуур судасны цүлхэн, нойргүйдэл, үе мөчний өвчин, тулай, хэрлэг, цөс, бөөрний чулуу, шээсний замын халдвар, цэвэршилт зэрэг өвчнийг арилгах, намдаах, багасгахад хэрэглэдэг байна.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах