Бургас

Чийг болон гэрэлд дуртай, хүйтэнд тэсвэртэй, нуур голын намгархаг чийглэг хөрсөнд сайн ургадаг. Далайн түвшнээс дээш 600-2000 метр хүртэл өндөрт ургана. Дэлхий дээр нийт 300-400 гаруй зүйл бургас ургадагаас Монгол оронд 40 гаруй зүйл нь бий. Түүний дотор түгээмэл тохиолдох нь “таван дохиурт бургас” бөгөөд 16 метр хүртэл өндөр ургаж, ховор тохиолдолд сөөг хэлбэрээр 5 метрийн өндөртэй ургана.  Гол иш нь саарал өнгөтэй, навч нь зууван, цэцгийн дагавар хайрс нь жигд шар ногоон өнгөтэй, 5 дохиуртай. Залуу мөчир, дэлгэрч буй навчис нь наалдамхай, сайхан үнэртэй байдаг. Навчлахаасаа өмнө цэцэглэнэ, эр цэцгийн молцог нь 2-7 сантиметр, эм цэцгийн молцог нь 1-6 сантиметр урттай байдаг. Бургасыг мөчрөөр үржүүлэх нь үр дүнтэй, жилд 60 сантиметр нэг суулгацаас 5-20 ширхэг салаалж ургадаг. Салаа бүр нь 1.5-2.5 метр хүртэл урт ургана. Хөрсний гүнд усны нөөц бүхий газар тариалж болно. Хавар эрт соёолж үрээ цацдаг.

Бургас хамгийн найдвартай “байгаль хамгаалагч” болдог. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал юм. Ширгэж буй гол мөрний сав газарт  тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас хот тосгон, цөлөрхөг газрыг ногооруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд ч тохиромжтой мод юм. Мөн хямд өртөгтэй шахмал түлш хийх, үртэс болгож барилгын материалын түүхий эд болох хавтан үйлдвэрлэх, монгол гэрийн хана, унь, уурганы үзүүр, саваа мод, араг савар зэрэг ахуйн хэрэглээний зүйлийг үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Холтос, навч зэргийг ардын уламжлалт эмнэлэгт өргөнөөр ашигладаг.

 

Эх сурвалж:  Монгол орны лавлах