Монгол орны хувьд устах аюулд орсон 132 ургамлын нэг бөгөөд Улаан номонд 1997 онд бүртгэгдсэн дархан цаазтай ургамал. Өндөр уулын чулуулаг асганд ургадагаараа онцлог. Газрын дээрх хэсэгт алкалиод, флавоноид, бага хэмжээний сапонин, кумарин, зүрхний гликозид агуулагддаг. Өөрөөр хэлбэл биологийн идэвхт нилээд олон бүлгийн бодис агуулдаг. Вансэмбэрүүг Гималай, түүний ойролцоох Төв Азийн уулнаас гаралтай гэж үздэг. Монгол оронд Нөмрөгт банздоо, Байгалийн банздоо, Дорогостайн банздоо, Бургас навчит банздоо зэрэг зүйлийн вансэмбэрүү мэдэгдээд байна.
Нөмрөгт Банздоо: Нөмрөгт банздоо нь Хөвсгөл Хангай, Монгол Алтай уулсын тагийн бүслүүрт чийглэг асганд 13-25 сантиметр өндөр ургадаг. Байгалийн банздоо нь бараавтар нил ягаан өнгийн баг цэцэгтэй бөгөөд Хэнтий, Хөвсгөл Хангай, Монгол Алтай уулсын намагжсан нуга, ширэнгэжсэн асга, горхины эрэг даган 15-60 сантиметр өндөр ургадаг.
Дорогостайскийн Банздоо: Хүрэндүү өнгийн олон тооны том сагс бүхий баг цэцэгтэй, зөвхөн Хөвсгөл, Хэнтийн уулын хад асганд 20-40 сантиметр өндөр ургадаг.
Бургас навчит банздоо: Хэнтий, Хангай, Монгол дагуур, Хянган, Дундад халх, Дорнод Монголын тойрогт элсэрхэг чулуулагтай энгэрт ургана.
Вансэмсэрүүний цэцэгс нь атгасан гараас том хэмжээтэй багц цэцэг бөгөөд түүнд хэдэн зуун жижигхэн цэцэгс багтана. Ерөнхийдөө үнэр нь эхүүн, хурц үнэртэй. Вансэмбэрүүний үндэс нь маш хүчирхэг хөгжсөн байдаг бөгөөд хад чулууны зай завсраар тор мэт сүлжилдэн бөх бат ургаж газрын хөрснөөс шим тэжээлээ авдаг. Цэцэглэх явц маш удаан байдаг ба цэцэглэх хүртлээ 3-5 жил, зарим үед бүр 8 жил хүртэл зарцуулна. Нас, амьдралын эргэлт, үржил нь дэндүү хязгаартай бөгөөд үрээр үржих чадвар маш муу.
Вансэмбэрүүг эрт дээр үеэс Монгол болон Түвдийн уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэж иржээ. Халуун бууруулах, шарх аниулах, судасны хагарлыг зогсоох болон уушигны өвчинд хэрэглэдэг байжээ. Ийнхүү эрт үеэс эмийн чанараараа алдаршсан ч албан ёсоор эмийн ургамал болгоогүй бөгөөд нөөц эрс хомс учраас үрийг нь гадаадад худалдах гаргахыг 1974 онд Олон улсын конвенцээр хоригложээ. Өдгөө зөвхөн судалгаа шинжилгээний журмаар харъяа байгаль хамгаалах газраас зөвшөөрөл авч, ганц хоёрыг л авч болдог байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах