Мөөг

Мөөг бол ногоон мөхлөг, үндэс навч, цэцэг байхгүй учраас ихэвчлэн ногоон ургамал, амьтдын эд эрхтэн, органик үлдэгдлээс шим тэжээл авч амьдардаг доод ургамал юм. Олонх мөөгийг анагаах ухаан, мал эмнэлэг, хөдөө аж ахуйд өргөн ашигладаг. Эмнэлэгт төрөл бүрийн антибиотек гаргаж авах, хүнсний үйлдвэрт талх, пиво тараг болон бусад бүтээгдэхүүн боловсруулахад хэрэглэдэг. Монгол орны ойт хээрийн бүсэд хүнсний мөөгтэй төстэй хуурамч балт мөөг, зэвхий шар, цоохор шар, цагаан хор гэх мэтийн хэдэн зүйл хортой мөөг ургадаг. Цагаан буюу эрхий мөөг, ойн цагаан, тослог шар, амтат сархи, барзгар хусандай, улиангарын улаан зэрэг 20 гаруй төрлийн хүнсний мөөг ургадаг. Хүнсний мөөгөнд хүн амьтны хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэгч төрөл бүрийн фермент, витамин, өөх тос, нүүрс ус зэрэг бодис байдаг. Хүнсний мөөгийг салбант, гуурст гэж хоёр хуваана. Мөөгний малгайн доод талд олон тооны цорготой бол гуурст, харин олон нимгэн салбантай бол салбант мөөг гэнэ. Мөөгийг 7 дугаар сарын дундаас 9 дүгээр сарын дунд үе хүртэлх хугацаанд түүдэг. Мөөгийг өглөөгүүр, эсвэл үдээс хойш түүх нь тохиромжтой.