Дурсгалж

Жижигхэн энэ цэцэг “Ноцоргонотон” овгийн ургамал бөгөөд “Myosotis” гэх шинжлэх ухааны нэршилтэй. Монголоор “Дурсгалж” буюу “МАРТАВ АА” гэдэг бөгөөд Монгол оронд 7 зүйл ургадаг. Харин дэлхийд 50 орчим зүйл “Дурсгалж” байдаг ба ихэвчлэн гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглэгддэг.

Домгоор бол, эрт цагт цайз хотыг хамгаалагч хүлэг баатрууд хуяг дуулганыхаа ачаар дэгжин жавхаалаг харагдаж цайзад амьдрах үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг татдаг байжээ. Гэвч тэрхүү дэгжин хуяг дуулга нь маш хүнд төдийгүй, чөлөөтэй хөдлөх аргагүй, өмсөж тайлахад бэрх байсан аж. Нэгэн өдөр хуягт баатар дурласан бүсгүйдээ зориулан цэцэг түүж өгөхөөр голын эргээр явж байгаад санаандгүй хальтирч усанд унажээ. Голын ус маш гүн байгаад зогсохгүй хүнд хуяг дуулгатай нь доош татаж шууд живүүлжээ. Хүлэг баатар гартаа түүсэн цэцэгсээ үзэсгэлэнт бүсгүйн зүг шидэж амжаад “минийхийг битгий мартаарай” хэмээн хашгирсаар усны гүн рүү үүрд оджээ. Шидсэн цэцэг нь голын эрэг дээр тархан өнөөх азгүй хүлэг баатрын хүнд хуяг дуулганы цаана нуугдсан уян зөөлөн хайр сэтгэлийн илэрхийлэл болон ургаж, тэр цагаас хойш “битгий мартаарай” хэмээн нэрлэгджээ.

Эртний герман эрчүүд хайрт бүсгүйдээ үнэнч сэтгэлийн нотолгоо болгож “мартаж болохгүй бэлэг” өгдөг уламжлалтай байсан аж. Тэрхүү бэлэг нь мартахын аргагүй жижигхэн цэнхэр цэцэгс байжээ. Дэлбээ нь шинэхэн дурласан үзэсгэлэнт бүсгүйчүүдийн гэрэлтсэн цэнхэр нүдийг илэрхийлдэг хэмээнэ. Үүнээс үүдэн “Фридилес Аура” буюу “Хайртын минь нүд” хэмээх нэр үүсчээ. Минийхийг битгий мартаарай (намайг битгий мартаарай) гэсэн утга нь өнөөг хүртэл уламжилж англиар Forget me not гэж нэрлэгдсээр иржээ.