Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарна. 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой бөгөөд бусад ямар ч амьтанд байхгүй содон зүс юм. Урт нь 1 метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг. Хүдэр бүллэн амьдардаг бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газар нутагтай. Энгийн 40 гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг, заримдаа хоёр жилд нэг удаа төллөдөг. Сүүлийн үед нилээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хуулиар хориглосон. Ховордсон шалтгаан нь түүнд байх заар хэмээх биологийн бодис юм. Хүдрийг нойрсуулж байж заарыг нь авах ёстой боловч хулгайн анчид шууд алж байж авдгаас шалтгаалан нэн ховордож байгаа. Биологийн үүрэг бүхий үйл ажиллагааны үед түүний булчирхайнаас нийлмэл бодис ялгардаг. Түүнийг заар гэх бөгөөд энэхүү заарныхаа тусламжтайгаар өөрийн бүл сүргээ хамгаалдаг. Хүдрийн заар нь гоо сайханы бүтээгдэхүүний гол түүхий эд бөгөөд дэлхийн зах зээлд алтнаас ч илүү үнэ хүрдэг байна. Ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухаанд онцгой хэрэгцээт эмийн чухал түүхий эд ч болдог. Дэлхийн 10 гаруйхан улсад хүдэр амьдардаг. Эдгээрээс цөөн хэдэн улс орон гаршуулж үржүүлсэний нэг нь Монгол улс юм. Хүдэр 1980 онд 44000 байсан бол одоо Алтай Хангайн бүсэд 300 хүрэхгүй болсон байна. 1996-2001 онд жил бүр 2500-3000 тоо толгойгоор агнагдаж цөөрсөн бөгөөд одоо бараг үзэгдэхээ больсон байна. (Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном)
Хүдэр дэлхийн 14 оронд амьдардаг байна. Монголд 1953 онд хүдэр агнахыг хориглон дархан цаазтай болгожээ. Академич, профессор Ц.Хайдав анх Энэтхэгийн эрүүл мэндийн байдалтай танилцах айлчлал хийж байхдаа хүдэр үржүүлээд алалгүйгээр заарыг нь сааж авдаг тухай сонсжээ. Ц.Хайдав профессор нутагтаа харьж ирсний дараа Ю.Цэдэнбал даргад сонордуулснаар академич Б.Ширэндэвт хэлж Монголд анхны хүдэр гаршуулж үржүүлэх станц байгуулагдсан түүхтэй. Гачууртын сангийн аж ахуйгаас дээхнэ Бугатын даваа хэмээх битүү ой модтой үзэсгэлэнт газар хүдрийн станц, хүдэр судлалын төв ажиллаж байна. Урд хоёр хөл нь богино, хойд хоёр хөл нь урт, бөгтгөр, угалзан сэтэрхий уруултай, өвөрмөц үсэн бүрхүүлтэй, хүйтнийг тэсвэрлэх чадвартай амьтан юм. Бүдүүн гэдэсний ихэнх нь олгой бөгөөд бусад амьтныхаас урт буюу 120-162 см байдаг. Гирээ буюу эр хүдэр орооныхоо үеэр заар ялгаруулдаг. Хүдэр заараа цацсан үед тэр орчинд өвөрмөц сэнгэнэсэн үнэр үнэртэнэ. Гирээ нь эмэгчин болох гирэгчинтэйгээ харилцан ойртох зан үйлийн мэдээлэл, ороо нийлүүлгийн үеийн сэрлийг идэвхжүүлж байгаа хэрэг ажээ. Мөн эзэмшил нутагтаа бусад хүдрийг оруулахгүйн тулд бут сөөгөнд заараа цацан хамгаалдаг байна. Хүдрийн заарыг монголд нарийн судалж чадаагүй байгаа ажээ. Гэвч европод 5 дугаар зууны үеэс хэрэглэж ирсэн бол монголчууд XIII зууны үед хүдрийн заар хэрэглэж байсан тухай Марко Пологийн тэмдэглэлд үлджээ. Хүдрийн заар нь хар хүрэн өнгийн, цавуу шиг өтгөвтөр бодис бөгөөд барагтай бол уусдаггүй байна. Өнөө үед эмнэлгийн практикт маш олон өвчнийг анагаахад хэрэглэж байна. Дээд зэргийн үнэртэй усны найрлагад маш бага тунгаар хэрэглэдэг байна. Социализмын үед Монгол улс хүдэрээр баян улсын тоонд ордог байлаа. Харин одоо маш цөөн болж ховордсон байна.