Дэлхийд хамгийн түгээмэл тархсан шавьжийн нэг бол эрвээхэй. Өнгө алагласан хээ бүхий гоёмсог далавчтай хээнцэр энэ шавьжнуудыг галын бүжигчин, нисдэг цэцэг хэмээн нэрлэх нь бий. Дэлхийд 100 гаруй мянган зүйл эрвээхэй байдгийг тогтоожээ. Үүний мянга орчим зүйл нь манай оронд бүртгэлтэй бөгөөд олон янзын өнгө, гоёмсог хээтэй хос сарьсан далавчтай. Иймд хайрсан далавчтаны багийнхан гэж нэрлэдэг аж. Гэхдээ тэдний дунд цөөн тооны далавчгүй хэсэг ч байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, зарим зүйлийн эрвээхэйн эм нь далавчгүй байх тохиолдол бий.
Түүнчлэн эрвээхэйнүүд утаслаг, булцуулаг, өдлөг, сам зэрэг олон хэлбэрийн сахалтай. Үүгээрээ хоорондоо ялгардаг. Харин далавчных нь судлаар ямар зүйлийнх болохыг нь төвөггүй мэдэж болдог юм байна. Эрвээхэйнүүд урт нарийн хоолой маягийн өвөрмөц эрүүтэй бөгөөд тэр нь хуйлж цагаригласан хэлбэртэй. Энэ төрхөөрөө бусад шавьжнаас онцгой, биеийн хэмжээ нь харилцан адилгүй. Тухайлбал, хивэн эрвээхэй гурван мм далавчтай бөгөөд хамгийн богинод тооцогддог байна. Гэтэл тогосон нүдэт, бүгэг зэрэг “аварга биетнүүд”-ийн далавчны дэлгэц 30 гаруй сантиметрт хүрдэг гэнэ. "Одот" буюу "дэлбээ" эрвээхэй далавчаа дэлгэсэн үедээ хамгийн гоёмсог харагддаг. Түүний далавчны дэлгэц 70-90 мм байдаг аж. Цагаан өнгөтэй далавч нь тод хар өнгийн олон толботой. Хойд далавчных нь хар хүрээ улам чимдэг. Энэ ч утгаараа Монголын “Улаан ном”-д орсон цорын ганц эрвээхэй юм байна. Одот эрвээхэй манай орны ойт хээрийн бүс нутгаар тархжээ.
Үүнээс гадна шөнийн амьдралтай эрвээхэйнүүдийн нэг бол "бүгэг" эрвээхэй. Тэд өдрийн цагаар өвс ургамал дор нуугдаж, шөнө нь идэш тэжээлийнхээ эрэлд гардаг. Ийн бүгэж нуугддаг учраас "бүгэг" нэр авчээ. Монголчуудын нэрлэдгээр дэнгийн эрвээхэй юм. Үслэггүй махлаг биетэй энэ эрвээхэйн 130 гаруй зүйл манайд бүртгэгдсэн байна. Эдгээрийн дийлэнх нь ургамлын үндэс болон дээд хэсгийг нь мэрж иддэг. Ямар ч ургамлаар хооллодог болохоор элдэв идэштэнд тооцогддог гэнэ. Ой модыг сүйтгэгч хортнуудын эгнээ ч хайрсан далавчтаны багт багтана. Сибирийн хүр, өрөөсгөл хүр, шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүр зэрэг модны дайсан олон. Тэгвэл зарим зүйлийн эрвээхэй цэцгийн балаар ургамалд тоос хүртээж байгальд ач тусаа өгч амьдардаг. Ийм зүйлийн эрвээхэйд цэцгийн бал сороход зохицсон гуурслаг хошуу бий. Судлаачдын үзэж буйгаар хөгжлийн явцад эрвээхэйн дээд уруул гээгджээ. Мөн доод уруул нь дутуу хөгжсөнөөс гадна амандаа тэмтрүүлгүй. Бусад шавьжийн адил өндөг, авгалдай, хүүхэлдэйгээс бие гүйцсэн эрвээхэй болон хувирдаг. Эрвээхэйнүүд авгалдайн шатандаа ургамлаар хооллодог. Харин нас бие гүйцсэн хойноо зарим нь цэцгийн бал сорж амьдардаг.