Монгол улсад 2014 оны мал тооллогын дүнгээр 2900000 адуу тоологджээ. Америкийн палеонтологичид Монголоос таван сарвуутай адууны ясыг олсноор адууны өвөг монголд амьдарч байсан гэдгийг баталжээ. Морины эмээл, хазаар, хударга гэх мэт хэрэгсэл, эмнэг сургах, бугуйлдах гэх мэт морьдыг сургах соёлыг судалж барахын аргагүй бөгөөд монголчууд энэхүү морины соёлыг олон мянган жилийн турш хөгжүүлж иржээ гэж судлаачид үздэг. Хүннүгийн үеэс эхлэн адуун сүргийг өсгөн үржүүлэх, арчлан хамгаалах явдал төрийн бодлого байсан хэмээн олон эрдэмтэд ном сударт бичсэн байна. Адууны тоо толгой, тарга хүч нь дайн байлдааны бэлтгэлийн гол хэмжүүр нь болж байжээ.
Монгол адууны биеийн жин дунджаар 280-320 кг бөгөөд 1-2 тонн ачааг зөөж чаддаг, өдөрт 40-90 литр ус уудаг. Дунджаар 15-20 адууг нэг сүрэг болгон нэг азарга адуу хэмээн нэрлэдэг. Нэг настай адууг унага, 2 настайг даага, 3 настайг шүдлэн (үрээ байдас), 4 настайг хязаалан, 5 настайг соёолон, 6 настайг хавчиг соёолон, эрийг азарга, агталсныг морь, эмийг гүү гэнэ. Ихэнх эр адууг 2-3 настай байхад нь хөнгөлж засаад уналганд сургах, хурдан морь, өвлийн идэш болгох зэргээр ашигладаг. Адууг ихэвчлэн хязаалан насанд нь агталдаг. Эр адууг 40 шүд нь бүрэлдэхэд нас бие гүйцсэнд тооцох бөгөөд үүдэн шүд 12, араа 24, соёо 4 байдаг. Гүүнд соёо байдаггүй учраас 36 шүдтэй. Хэрвээ соёо шүд ургасан байвал “эрмэг гүү” гэдэг. Хээл авсан гүү 11 сарын дараа унагалах бөгөөд зуны 7-10 сарын хугацаанд сааж өдөрт дунджаар 3 литр саам авна. Нэг гүү саалийн хугацаанд 200 литр саам өгдөг. Гүүг саахад заавал 2 хүн очдог бөгөөд анх барьж байгаа тохиолдолд эхний удаа заавал эрэгтэй хүн саадаг. Нэг нь сааж, нөгөө нь унага татна. Гүүний саам уургаар баялаг, чихэрлэг бөгөөд саамаар айраг хийнэ. Гүү барьсан айл “үрс гаргах”, “унага тамгалах”, “гүү тавих” гэсэн гурван баяр хийдэг. Гүүг моринд ээлтэй, чононоос хамгаална гэж нохой өдөр барьж, бар өдөр унагаа тамгалж, могой өдөр гүүгээ тавьдаг байна.
Адууны хөөврийг 3 дугаар сарын сүүлээр авна. Намар таргалсан адууны хомоол хар өтгөндүү байдаг учраас их шим тэжээлтэйд тооцогдоно. Тэрхүү хомоолоо хөлдөөж хадгалаад хавар болоход сульдсан хонь, ямаандаа идүүлэхэд сайн байдаг. Адуу ургамлын аль тааламжтайг нь сорчлон түүвэрлэж иддэг. Өвөл, хаврын цагт адуу тарж идэшлэвэл шөнөдөө дулаавтар, салхины уруу харж идэшлэвэл шөнөдөө хүйтэн болдог. Морины хамар байн байн цантаж тургиад байвал зунд бороо, өвөлд цас орохын шинж юм. Адууны үс нь бүрзийж, өвс идэх сонирхол багатай, хөшүүн байвал хүйтрэхийн дохио болно.
Адуу халуун өдөр ялаархах, хурах, зогсох, гүйх, салхидах, намагт удаан зогсох зэрэг үйлдэл хийнэ. Адууг бэлчээх, цуглуулах, услах үед маш тогтуун байлгах нь ашигтай. Адуу хайлах үедээ их хөлөрч, үс нь босон бүрзгэртэж цөөн хоногт гэдэс татах, мах нь шуугдах, ташаа нь гозойж, хавирга нь хэрзийдэг. Унаганд ус залгиулах, зоо нурууг нь усаар шавших зэрэг нь харангатахаас сэргийлэх, хамрын самсаа хонхойхгүй, нустаж битүүрэхгүй, нүд нуухтахгүй зэрэг ач холбогдолтой. Цас ихтэй үед адуу цасыг хөлөөрөө цавчиж, өвс олж идсэнээс амархан тамирдаж турдаг. Даага унаж газрын уруу давхихыг хориглодог бөгөөд даага цээжгүй болно гэж хэлэлцдэг. Хол газрын уналганд хурдтай явсан морины хөлд цус хуруулахгүйн тулд уяа шонгоо нар зөв гурав алгуур тойрч бууна. Хүчтэй салхи, хурц наранд “нар цохино” гэж эмээл тохмыг авдаггүй. Өвлийн хүйтэнд алсын аянд унаж ирсэн морины тохмыг авалгүйгээр агтавчаар даруулан хонуулдаг.
Адууг хониных, уургынх, алс холын аяных, баяр наадмынх гэж ангилан эдэлгээнд зориулан хэрэглэдэг. Морь унахдаа зөөлөн мордож, ташуурдахдаа зузаан гуянд нь ташуурдана. Унасан мориноосоо буумагц олмоо султгадаг. Морийг хөлстэй үед нь усалдаггүй, эмээл тохмыг авдаггүй. Хатааж байж авдаг. Унаж эдэлж явсан морь тэмээгээ эцээх, гэмтэж бэртсэн үед нь эзэнгүй хээр орхихыг их цээрлэдэг. Худаг ус сахиж эзэнгүй зогсож байгаа малыг услахгүй өнгөрдөггүй. Худаг дээрээс явахдаа онгоцоо дүүргэж орхидог заншилтай.
Адуу бол дор дурдсан хэлбэрийн шүдтэй байдаг. Үүнд:
Адууны шүдийг сүүн ба байнгын гэж ялгана. Сүүн шүд нь унага нялх байхад нь ургаж, яваандаа унан байнгын шүд нөхөж ургана. Сүүн шүднүүд нь байнгын шүднүүдээс жижиг бөгөөд цагаан өнгөтэй байна. Адууны насыг үүдэн шүднүүдээр нь тодорхойлно. Энэ нь гол төлөв гурван шинжтэй байдаг. Үүнд: Сүүн шүднүүд нь байнгын шүдээр 2.5-5 нас хүртэл нь солигдож гүйцнэ. Байнгын үүдэн шүдний цөгцнүүд 5.5-11 насанд нь элэгдэнэ. Үүдэн шүднүүдийн үрэгдээ явдаг гадаргуугийн хэлбэр нь 12-18 буюу түүнээс дээш насанд нь өөрчлөгдөн хувирна. Адуу 2.5 нас хүртлээ сүүн шүдтэйгээ явна. 2.5 насанд нь голын хоёр сүүн үүдэн шүднүүд нь унаж оронд нь байнгын шүднүүд ургаж эхлээд гурван настайд нь ургаж гүйцнэ. Адууны 3.5 настай байхад дунд үүдэн шүднүүд нь цухуйж дөрвөн нас хүрэхэд нь ургаж гүйцнэ. 4.5 насанд байнгын захын үүдэн шүднүүд нь гарч таван настайд нь ургаж бүрэн гүйцнэ. Үүнээс үзэхэд таван нас хүртэл адууны сүүн шүд нь байнгын шүдээр солигдож гүйцдэг байна. 5.5-аас 11 нас хүртэл доод, дээд эрүүний үүдэн шүднүүдийн цөгцнүүд дор заасан дэс дарааллаар элэгдэнэ.
Доод эрүүний үүдэн шүд: Зургаан настайд нь голын хоёр үүдэн шүднүүдийн цөгц, долоон настайд нь дунд үүдэн шүднүүдийн цөгц, найман настайд нь захын үүдэн шүднүүдийн цөгц тус тус арилна.
Дээд эрүүний үүдэн шүд: Есөн настайд нь хоёр үүдэн шүдний цөгц, арван настайд нь дунд үүдэн шүдний цөгц, 11 настайд нь захын хоёр үүдэн шүдний цөгц тус тус арилна. Ингээд адуу 11 нас гүйцэхэд нь дээд, доод эрүүний үүдэн шүднүүдийн цөгц алга болно.
12 наснаас нь эхлээд адууны насыг мэдэхдээ, үүдэн шүднүүдийг үрж хувирч явдаг гадаргуугийн хэлбэр дүрсээр тодорхойлдог бөгөөд энэ нь дор дурдсан дэс дараалалтай байдаг. Үүнд: Эхлээд дугуй хэлбэртэй, дараа нь гурвалжин хэлбэртэй, бүр сүүлдээ зууван хэлбэртэй болдог байна.
Доод эрүүний үүдэн шүднүүдийг үрж явдаг гадаргуугийн дугуй хэлбэрүүд нь:
12 настайд нь - голын хоёр дээр
13 настайд нь -дунд үүдэн шүднүүд дээр
14 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байдаг байна.
Дээд эрүүний үүдэн шүднүүдий үрж явдаг гадаргуугийн дугуй хэлбэрүүд нь:
15 настайд нь - голын хоёр дээр
16 настайд нь -дунд үүдэн шүднүүд дээр
17 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байна.
Доод эрүүний үүдэн шүднүүдийг үрж явдаг гадаргуугийн гурвалжин хэлбэрүүд нь:
18 настайд нь - голын хоёр дээр
19 настайд нь-дунд үүдэн шүднүүд дээр
20 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байна.
Дээд эрүүний үүдэн шүднүүдийг үрж явдаг гадаргуугийн гурвалжин хэлбэрүүд нь:
21 настайд нь - голын хоёр дээр
22 настайд нь -дунд үүдэн шүднүүд дээр
23 настайд нь захын үүдэн шүднүүд дээр нь ил байна.
Үүдэн шүднүүдийн үрж хавирч явдаг гадаргуугийн зууван хэлбэрүүд адууны 24 нас хүрэхээс эхлээд үзэгддэг байна.