Модны мэлхий (Hyla japonica Gunther, 1859)

Баг. Сүүлгүй хоёр нутагтан - Anura
Овог.
Модны мэлхийтнийхэн – Hylidae
Статус:
Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд“анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлжээ.

Таних шинж: Бие 42.3 мм урт. Хөлийн хурууны үзүүрт хөхлөгтэй. Их бие ногоон, шар ногоон, хэвэл цайвар зүстэй. Тархац, байршил нутаг: Сэлэнгэ, Шаамар, Их, Бага бүүрэг толгой, Ерөө, Хараа гол, Булган аймгийн Тулгатын даваа, Халх голын савд байршина. Нуга, намгархаг газарт амьдардаг. Бургас, жимс жимсгэний таримлууд, бутлаг ургамлын навч, мөчир дээр хааяа тохиолдоно. Борооны дараа хад асган дээр авирна. Авгалдай гүехэн, тогтмол усны өнгөн хэсэгт зөвхөн өдрийн цагт хооллодог. Тоо толгой, хомсдох шалтгаан: Шаамар, Их бүүргийн орчимд 3000:3 метр талбайд 23-30 бодгаль байв. Бие гүйцсэн бодгалиуд VII-VIII сард усны эргийн намагжсан газарт их элбэг тохиолдоно. Зарим газарт 100-500 бодгаль тааралдана. Намар VIII сараас эхлэн усны захаар зулзаган мэлхийнүүд зонхилох бөгөөд 1.5 хавтгай дөрвөлжин метр талбайд 34 хүртэл бодгаль үзэгдэв. Усны цох, сонын авгалдай зэрэг махчин шавжууд авгалдайг хөнөөдөг. Шаамар орчимд авгалдайн 17 хувь шархтай байсны зэрэгцээ үүнээс шалтгаалан зарим нь гаж буруу хөгжсөн байна. Шаамар орчимд модны мэлхийн ходоодноос Oswaldocruzia bialata зүйлийн дугариг хорхой гарсан бөгөөд нийт бодгалийн 3 хувь халдварлажээ. Элдэв шавжаар идэшлэнэ. Шанаганцар нь замаг, усны жижиг шавжаар хооллоно. Бусад хоёр нутагтнаас харьцангуй хожуу төрцөө шахдаг. Их бүүргийн орчмоос барьсан 2 эмэгчингийн өндөгний хоолойгоос тус бүр 2 мм голчтой, шаравтар өнгийн 700-7600 өндөг гарчээ. Шаамар орчимд VI сарын 25-наас VII сарын 26-ны хооронд хөөцөлдөх бөгөөд вааглах дуу ихсэнэ. Устаж болзошгүй зүйл. Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэж, Монгол улсын улаан ном (1987,1997) -онд оруулсан. Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судалж, хамгаалах арга боловсруулах. Удман санг хамгаалах. Сэлэнгэ аймгийн нутаг, Орхон голын сав дахь Шаамарын бүүрэг толгойн хэмээх газрыг тусгай хамгаалалтад авч, хоёрнутагтан, мөлхөгчдийн нөөц газар байгуулах. Уг арга хэмжээг хэрэгжүүлснээр энд идээшин амьдарч буй хоёр нутагтан, мөлхөгчдийн 8 зүйлийг цогцоор хамгаалах боломж бүрдэх болно.

Hyla Japonica
Gunther, 1859
Japanese Tree Frog
Anura-Anurans or Tailless 
Amphibians or Frogs and Toads
Hylidae - Tree frogs
Status: Rare species. This species has been assessed regionally as Vulnerable and globally as Least Concern in accordance with the IUCN Red List Categories and Criteria.

Distribution and Range: The Selenge, Shaamar, Ikh and Baga Buured Tolgoi, and Eroo and Kharaa rivers and Tulgat Pass in Bulgan Province, Khalkh river in Eastern Mongolia. Habitat: Meadows and swampy areas. Can sometimes be found on leaves and branches of willow (Salix spp) and fruit trees and bushy plants. Found on rocks after rain. Population and Threats: In Ikh Buureg of Shaamar 23-30 individuals were found in a 300 x 3 m area. Adults often occur in swampy areas between July and August-100-500 can be found in one area. Juvenile frogs can be seen along water edges from August-34 were counted in 1.5m2 Tadpoles feed at the surface of shallow, flowing water during the day. Conservation Measures: Listed as a Rare in the Mongolian Red Book. It was covered by the Mongolian Governmental Act No 7 as a Rare Amphibian in 2012. In the regional red list it was evaluated as “Vulnerable”. Further Actions: Distribution and range abundance and biology of the species should be studied for development of conservation action plan. The Buureg Tolgoi of Shaamar Soum I the Orkhon River basin in Selenge River basin in Selenge Province should be included in the SPAN as a nature reserve for amphibians and reptiles. Such a conservation measure will make it possible to collectively protect 8 species of amphibians and reptiles, which inhabit this area.

Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1958, 2. Боркин нар, 1988, 3. Данзан, Мөнхбаяр, 1970, 4. Кузьмин, 1986, 5. Кузьмин, 1987, 6.Мөнхбаатар нар, 2008, 7. Мөнхбаяр, 1976, 8. Мөнхбаяр, Тэрбиш, 1997. 9. Terbish et al., 2006а, 10. Terbish et al., 2006b. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013