Эрвээхэй

Монгол орны хамгийн том эрвээхэй нь папиллион буюу тогосын нүдэн эрвээхэй овог бол ойт хээрийн бүсээр хамгийн түгээмэл тархацтай нь одот цагаан эрвээхэй юм. Том биерхүү, хос далавч нь гоёмсог нүдэн толботой. Далавч нь дэлгэмэл байдлаараа 50-75 миллиметр хүрдэг.

Монгол оронд 1000 орчим зүйлийн эрвээхэй бий хэмээн бүртгэсэн байдаг боловч өнөөг хүртэл дагнасан судалгаанууд хийгдээгүй байна. Эрвээхэй олон янзын гоёмсог хээ бүхий хос далавчтай хээнцэр ганган шавьж ажээ. Далавч нь хайрсаар хучигдсан байдаг учраас хайрсан далавчтаны багт хамаарна. Гэвч огт далавчгүй ч төрөл зүйл бий. Эрвээхэйнд урт нарийн хоолой маягийн өвөрмөц эрүүтэй, тэр нь хуйлж цагирагласан хэлбэртэй. Энэ төрх нь бусад шавьжнаас онцгой ялгарна. Биеийн хэмжээ болон далавчны хэмжээ харилцан адилгүй. Тогосон нүдэт, бүгэг зэрэг төрлийн эрвээхэйнүүдийн далавчны дэлгэц 30 гаруй сантиметрт хүрдэг байхад хивэн эрвээхэйнийх 3-хан миллиметр байдаг байна. Одот эрвээхэй далавчаа дэлгэсэн үед хамгийн хээнцэр гоё бөгөөд далавчны дэлгэц 7-9 сантиметр болно. Эрвээхэйн авгалдайн хөгжил нь түүний амьдралын ихэнх хэсэг бөгөөд далавч ургаж ниссэнээс хойш 24-хөн цаг болоод амьдралынх нь хугацаа дуусаж үхдэг эрвээхэйн төрлүүд олон байдаг байна.