Эргийн шувууд гэж юу вэ.

 

Ус намгархаг газрын эргээр, эсвэл эрэг орчмын гүехэн устай хэсгийг шүтэн байрших бүлэг зүйлүүдийг эргийн шувуу гэнэ. Энэ бүлэг шувуунд хиазат, тутгалжин, элсэг, хөгчүү, хөгчүүхэй, сэлээхэй, ноололдой, хараалж, хомноот, ухаа хөгт, шарандан, сүвээцагаан, хайргач, цууцил, хилэнжигүүрт, ээтэн, зуунхурга, хавтгаалж зэрэг нийт 56 зүйл багтана. Энэ бүлэгт заримдаа хараалай, хараалзай, цахлай, захлай, хайлгана зэрэг шувуудыг багтаах ба Shore birds, Waders  хэмээн англиар нэрлэдэг. Гэвч ихэнх тохиолдолд хөгчүүгийн багийн шувуудыг эл бүлэгт авч үздэг. Тэдний үндсэн шинж нь харьцангуй урт хөлтэй боловч хөлийн хуруунууд сарьсаар холбогдоогүй учир сэлдэггүй. Тэдний хошуу харьцангуй урт, хэлбэр хэмжээ нь идэш тэжээл, амьдрах орчны онцлогоос хамааран харилцан адилгүй. Жишээлбэл, тутгалжингийн урт хошуу нь шаврын гүнээс хорхой, хавч хэлбэртэн зэрэг амьтдыг олж сувин гарган ирэхэд тохиромжтой бол Алаг хайргач шувууны богинохон бахим хошуу нь эргийн хайрга чулуу, хясааг эргүүлэн доороос нь идэш тэжээл олоход, харин элсэгийн богинохон зөөлөн хошуу нь гол, нуурын эргийн элсэрхэг шаварлаг хөрснөөс сээр нуруугүй амьтад олоход зохилджээ.

Эргийн шувууд нь Монгол орны шувуудын 11.7 хувийг эзэлдэг. Монгол оронд тохиолдох бүх зүйл эргийн шувууд нүүдэллэдэг. Харин өнчин хараалж зэрэг зарим зүйл маш ховор тоогоор өвөлдөө хөлдөөгүй усан санд өвөлжинө. Ихэнх зүйлүүд Өмнөд, Зүүн өмнөд Азийн орнуудад өвөлжиж Монгол орны ус намгархаг газарт, зарим нь хойд зүгийн тундр бүхий нутагт үржинэ. Эргийн шувууд Монгол оронд тохиолдох нүүдлийн шувуудаас хамгийн хол алс зайд нүүдэг. Тийм учраас эргийн шувуудыг амгалан тайван байлгаж алс хол газар нүүдэл хийх нөхцөл хангахад нь саад учруулж болохгүй. Тоншуулаас жижиг биетэй хэрнээ олон мянган км нисэх чадвартай байдаг нь биологийн нэгэн гайхамшиг юм. Нүүдлийн үедээ хэдэн мянгаараа сүрэглэж тэнгэрт V хэлбэр үүсгэн бүжиг хийх мэт хурдтай нисэх нь үзүүштэй гайхамшигуудын нэг байдаг. Бас нэгэн онцлог нь биеийн маш олон хэлбэр галбир, өвөрмөц хэлбэртэй хошуу, тод өнгө зүс  юм. Жил бүр өвөлжих болон үржих таатай нөхцөлтэй нутгийн хооронд олон зуун км замыг туулдаг ба шинэхэн дэгдээхэйгээ асрах, хамгаалах, амьдралын туршлага суулгах ихээхэн үүрэгтэй аялдаг. Эргийн шувууд нүүдэл хийхээс өмнө их хэмжээний энерги (өөх) биедээ хуримтлуулдаг. Мадагаскар тутгалжингийн биеийн жин нүүдэллэхээс өмнө хэд дахин нэмэгддэг. Мадагаскар тутгалжин, Хадуур элсэг нь Сибирээс Австрали хүртэл 13000 км замыг туулдаг ба биеийн жингийнхээ 40%-ийг энэхүү урт аялалд зориулдаг. Харин Хурган цууцил Аляскаас Монголоор дамжин Австрали хүрэхдээ 11000 км замыг туулахдаа Номхон далай дээгүүр нисдэг.

Монгол орон нүүдлийн шувуудын дэлхийн “Зүүн Ази – Зүүн Өмнөд Ази”, “Төв Ази”, “Баруун Ази” зэрэг нүүдлийн замд байрших тул эргийн шувуудын нүүдэлд онцгой ач холбогдолтой улсуудын нэг болно. Сүүлийн жилүүдэд уул уурхайн эрчимтэй хөгжил, цаг уурын дулаарал, хуурайшилт, малын тоо толгой олширсноор ус намгархаг газрыг талхлах, шинжлэх ухааны үндэслэл багатай аялал жуулчлалын хөгжил зэрэг хүний олон янз хүчин зүйлээс хамааран эргийн шувуудын тоо цөөрч байна. Тал хээрт үүрлэх дорнын хиазат, зэвэн хиазатын үүр бүхий газраар өнгөрөх хэдэн зуун хонь ямааны хөлд үүр, дэгдээхэй нь ихээр өртөж сүйтдэг байна. Ялаа шумуулаас зугтан нуур, голын эрэг, зэгс шагшуурга руу шургах олон малын хөлд эргийн шувуудын өндөг олноор өртөж, заримдаа өндөгнөөс нэг ч дэгдээхэй бойжиж чаддаггүй ажээ.

Шувууд үргэж нисэхдээ ихээхэн энерги алдаж байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Гэрийн мал, нохой, хүн, машин, мотоцикль, завь зэрэг нь эргийн шувуудыг үргээдэг үндсэн хүчин зүйл болдог. Эргийн шувуудыг үргээхгүйгээр холуур тойрч гарах, ялангуяа нар шингэхээс өмнө аялал жуулчлалын газрууд хавар, намрын үед моторт завь бага хэрэглэх, мотоцикль машинтай цөөн холхих, малаа нуур, голын эргээр зөөлөн туух, чимээ бага гаргах, аялал зугаалгаар явахдаа майхнаа эргийн шувууд олонтой нуур голын эргээс хол зайтай барих, бүрэнхий шөнөөр чимээ, гэрэл бага гаргах нь эргийн шувуудын хамгаалалд чухал ач холбогдолтой. Эргийн шувуудын үржлийн нутаг нь Монгол, Хятад, Солонгос, Япон, ОХУ, Европын зарим орнууд, харин өвөлждөг нутаг нь Австрали, Зүүн Өмнөд Азийн орнуудын ус намгархаг газрууд, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хотжилт зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотойгоор устаж байна. Эдүгээ эргийн шувууд амьдардаг байсан олон газар нутаг одоо эргийн шувуудад нэн тохиромжгүй орчин болжээ. Харин Монголын Рамсарын конвенцийн жагсаалтанд бүртгэгдсэн томоохон нууруудын үнэ цэнэ нэмэгдсээр байна.

Эргийн шувуудыг нуувч, байр, тавцан ашиглаж дурангаар ажиглахад нэн тохиромжтой. Ажиглах үедээ хөдөлгөөнгүй байж чадвал эргийн шувууд аажмаар эрэг даган ойртож ирдэг.

Эх сурвалж: Монголын шувуу судлалын төв