Ямаансүүлт (Цагаантолгой ямаансүүлт)

ЦАГААНТОЛГОЙТ ЯМААНСҮҮЛ

Lat: Oxyura leucocephala (Scopoli, 1769)

Баг: Галуутан - Anseriformes

Овог: Нугасныхан - Anatidae

Rus: Савка

Eng: White-headed Duck, (Stifftail)

Jap: Kaojirootate-gamo (カオジロオタテガモ)


Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар “устаж болзошгүй” зүйлд хамаарна.


Таних шинж: Дунд зэргийн биетэй‚ 0.4-0.9 кг жинтэй. Хошуу өргөн‚ тод цэнхэр өнгөтэй. Хүзүү богино, толгой том. Сүүл урт, шаталсан, нарийхан, хатуу өдүүдтэй. Бие гүйцсэн эр нугас улаан хүрэн зүстэй‚ залуу бодгаль хүрэн бидэртэй. Эрийн толгой цагаан‚ хар “титэмтэй”, хүзүүндээ хар бүслүүртэй. Сэлж явахдаа сүүлээ босоо өргөнө. Аюул тохиолдсон үед усанд живж нуруу гүвийн ил харагдана. Хааяа 30-40 м гүн шумбаж, усан доогуур сайн сэлнэ. Нисэх дургүй‚ хуурай газарт гардаггүй. Хөл биеийн хойд хэсэгт байрласан тул газраар явж чадахгүй‚ сэлэхэд онцгой зохицсон.


Тархац‚ байршил нутаг: Их нууруудын хотгорын Увс‚ Хяргас нуур‚ Ховдын Зэргийн нуур‚ Айраг нуурын шигүү зэгстэй эрэг, арал, гүн устай газар идэшлэнэ.


Амьдралын онцлог: Нарийвчлан судлаагүй. Цөлөрхөг хээрийн бүсийн давстай‚ усны ургамлаар баялаг, өтгөн зэгсэнд үүрлэн өндөглөдөг. Зэгсэн дундах гүн биш усанд хөвмөл үүр барьдаг. IV сарын сүүлчээр нүүж ирнэ. Барзгар гадаргуутай‚ харьцангуй том 4-6 өндөг гаргаж, эмэгчин цөөн хоног дарж байгаад орхидог. Өндөгний доторх хөврөл нарны элчээс дулаан авч хөгжсөөр дэгдээхий болдог. Усны ургамлын үр‚ навч‚ усны шавж‚ дун‚ хавч хэлбэртнүүдээр хооллоно.


Тоо толгой‚ хомсдох шалтгаан: Хаана ч ховор тохиолдоно. Одоогийн байдлаар, дэлхий дээр 15 мянга орчим толгой бий. Монголд хэдэн зуугаад бүртгэгдсэн. 1981 оны зуны сүүлчээр Увс нуур‚ түүнд цутгадаг Тэсийн голын адгаар 15-18‚ Хяргас нуурын зэгстэй тохойд 8 бодгаль байв. Сүүлийн үед тархацын хил зүүн тийш тэлж, Булган аймгийн Тэшиг сумын Олон нуурт өндөглөдөг болох нь тогтоогдсон. Усны түвшин буурч, ургамал хомсдох, зэгсийг заарт харх, оготно, мал идэх, хадлан авах, түймэрт шатах, агнах зэрэг шалтгаанаас байршил нутаг доройтон хомсдож байгаагаас ихээхэн цөөрч, устах аюулд ороод байгаа.


Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэсэн. Монгол улсын Улаан номонд орсон. Үржлийн нутаг нь улсын тусгай хамгаалалттай газруудын сүлжээнд хамрагдсан.


Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг нарийвчлан судлах, үржлийн нутгаас нь малын өвөлжөө, хаваржааны газруудыг чөлөөлөх, зэгстэй нууруудын зэгсийг хадахгүй байх, түймрээс хамгаалах, сурталчилгаа хийх.


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013