УНДАР ШУМБУУР
Lat: Aythya nyroca, Gueldenstaedt, 1770
Баг: Галуутан - Anseriformes
Овог: Нугасныхан – Anatidae
Rus: Белоглазый нырок (Белоглазая чернеть)
Eng: Ferruginous Pochard, Ferruginous Duck, White eyed Pochard, Common Pochard
Jap: Mejiro-gamo (メジロガモ)
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.
Таних шинж: Биеийн урт 38-42 см. Aythya
төрлийнхөн дотроо хамгийн жижиг. Бие гүйцсэн бодгалийн ерөнхий зүс бараавтар
хүрэн зээрд. Далавчны тольт, сүүлний доод даруул цагаан. Толгой, хүзүү, цээж,
биеийн хажуу бараавтар хүрэн зээрд, хэвлий цагаан. Хошуу цэнхэр туяатай хар, хөл цайвар саарал.
Залуу шувууд нь бие гүйцсэн эмтэй ижил ч нүд хар, биеийн зүс ерөнхийдөө бараан
байдгаараа ялгарна.
Тархац, байршил нутаг: ОХУ-ын Европын хэсгийн өмнөд нутгуудаас Уралаас нааш Тюмень хүртэл тохиолдоно. Баруун Европ, Баруун хойд Африк, Өмнөд Азиар тархсан.Газар дундын тэнгис, Африк, өмнөдөд Сомали, Баруун өмнөд Ази, Бирм хүрч өвөлждөг. Монгол Алтайн нурууны Булган гол, Хөвсгөл аймгийн Дархадын хотгор, Бөөнцагаан, Хар ус, Өгий, Увс аймгийн Бага нууранд нүүдлийн үедээ таарна.
Амьдралын онцлог: Монгол оронд нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг, зусах байдлаар тохиолддог зүйл. Үржлийн тухай баримт хомс. Манай оронд зусах болон нүүдэллэн өнгөрч буй шувууд IV сарын сүүлч, V сарын эхээр цэнгэг болон давсархаг нуур, цөөрөм зэрэг усан санд ажиглагдана. Нуурын зэгс дотор газар дээр, эсвэл хөвөгч нягтарсан ургамал дээр зэгс болон ус намгийн бусад ургамлын иш, үндсээр үүр зассаны дараа эм өндөглөнө. Өндөгний тоо 7-10. Өндөгийг зөвхөн эм 25-28 хоног дарж, дэгдээхий гарсны дараа тэднийг асарч, хамгаална. Дэгдээхийг нисэх хүртэл эм нь асрах бөгөөд өндөг хагарснаас хойш 55-60 хоногийн дараа тэд бие дааж ниснэ. Үржлийн дараа, нүүдэллэхийн өмнө, эсвэл гуужих үедээ тэд томоохон сүрэг үүсгэнэ. Идэш тэжээл болох усны ургамлын үр, навч, иш, мөн усны шавьж мэт сээр нуруугүйтэн, жижиг загас, мэлхийн шанаганцараар ус руу шумбаж, эсвэл толгойгоо усанд дүрж хооллоно. Манай оронд намрын нүүдэл VIII сарын сүүлч, IX сарын эхээр ажиглагдана.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг болон зусдаг нуур, цөөрмийн усны түвшин багасаж, зарим нуурууд хатаж ширгэж буй нь энэ зүйлийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Нуурууд дээр моторт завиуд олширсон нь тэдгээрийн хэвийн амьдралд сөрөг нөлөөтэй. Дөргөн болон Тайширын усан цахилгаан станцын нөлөөгөөр Завхан гол, Айраг, Зост нуурын ус татарч, эргийн зэгс багасаж буй нь энэ зүйл амьдрахад нэн таагүй болов. Өгий, Бөөнцагаан, Хар, Хөвсгөл нуурт загасны тор ашиглан загас агнадаг нь идэш тэжээлээ шумбаж олдог энэ зүйлийн орооцолдон эндэх шалтгаан болно. Усны бохирдол, зэгс ашиглах, шувууны ханиад, идлэг болон эгэл шонхор, цагаансүүлт нөмрөгбүргэд зэрэг мах идэшт шувууд тэдний амьдралд нөлөөлнө. Байршил нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад байдаг. 2001 оны Азийн ховор шувуудын Улаан ном, Монгол улсын Улаан номонд тус тус орсон.
Хамгаалах арга хэмжээ: Биологи, экологийг нарийвчлан судлах, тусгай хамгаалалттай нутгийн сүлжээ дэх усны ховор шувуудын хамгааллыг сайжруулах, мониторингийн судалгааг гүйцэтгэх.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013