ГЭЗЭГТ НУГАС
Anas falcata Georgi, 1775;
Баг: Галуутан – Anseriformes;
Овог: Нугасныхан – Anatidae
Rus: Касатка
Eng: Falcated Duck
Jap: Yoshi-gamo (ヨシガモ)
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.
Таних шинж: Эр шувууны 3-р зэргийн дэвүүр өд урт бөгөөд нуруун дээгүүр унжин гэзэг шиг харагдана. Толгойн хоёр хажуу шилэн хүзүү хар ногоон, хоолой цагаан, дух болон дагзны хэсэг хүрэн, бие саарал өнгөтэй.Эм шувуу бор өнгөтэй, хар хошуутай.
Тархац, байршил нутаг: ОХУ, Япон, Зүүн хойд БНХАУ-д тархсан. Зүүн өмнөд Азиар өвөлжинө. Увс нуур, Тэс голын цутгал, Орхон, Сэлэнгэ, Туул, Хараа, Халх, Нөмрөг голын сав дагуух зарим нуурууд, Хангайн нурууны Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Тарвагатай Булнайн нурууны Тэлмэн, Эрхэл нуур, Буйр, Ташгайн таван нуурт цөөн тоогоор үрждэг.
Амьдралын онцлог: 4-р сараас 5-р сар хүртэл, 9-р сараас 10-р сар хүртэлх хугацаанд нүүдлийн үедээ тохиолдоно. Зуны улиралд ховор тааралдана.Газар дээр үүр засаж, 5-8 өндөг гаргана.Гол төлөв ойт хээрийн нууруудаар тархсан.Ус, намгийн ургамлаар хооллодог.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгой, нөөцийн хомсдолыг судлаагүй.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн жагсаалтад бүртгэгдсэн. Тархац нутгийн 7.7% нь улсын тусгай хамгаалттай газар нутагт хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Нүүдлийн замыг судлан тогтоох, үржлийн нутгийн амгалан тайван байдлыг бүрдүүлэх, тусгай хамгаалалттай газар болон холбогдох конвенцийн хавсралтад орсон нуур, голын хамгаалалтыг сайжруулах.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013