Хун (Хуруут хун)

ХУРУУТ ХУН

Lat: Cygnus olor (Gmelin, 1789)
Баг: Галуутан – Anserifоrmes
Овог: Нугасныхан – Anatidae
Rus: Лебедь-шипун
Eng: Mute Swan
Jap: Kobu-hakucho (コブハクチョウ)

 

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.

Таних шинж: Биеийн урт 150 см, том биетэй‚ цагаан зүстэй. Хошуун дээрээ, духныхаа доод талд том булдруутай. Хамрын нүхний дээд тал хошууныхаа хянгатай хурц өнцөг үүсгэнэ. Духны булдруу‚ хошууны уг‚ завжны зах хар. Харин хошууны үндсэн хэсэг улаан. Хумс хар. Хөл сарвуу бүдэг хар.

Тархац‚ байршил нутаг: Европ‚ Бага Ази‚ ОХУ-ын Уссурийн хязгаар‚ Байгалийн чанад дахь нутагт өндөглөн зусна. Увс, Бөөнцагаан‚ Орог‚ Улаан нуур‚ Ховд голд тааралддаг. Гүехэн устай нуурт ихэвчлэн байршдаг.

Амьдралын онцлог: Хулсны хатсан гуурс, ургамлаар үүр засна. 7-9 өндөг гаргаж, 35 орчим хоног дарна.Дэгдээхий хурдан өснө.Ургамлын усан доорх үндэс‚ үндсэрхэг иш‚ нахиагаар голлон хооллоно.

Тоо толгой‚ хомсдох шалтгаан: 1962 онд Орог нуурт 22‚ Бөөнцагаан нуурт 2, 1974 онд Ховд голын Улаан уул орчимд 2, 1976 онд Улаан нуурт 8-ийг тэмдэглэжээ. Увс, Орог нуурт үржинэ. Бөөнцагаан, Өгий, Өлзийт, Буйр нуур, Ховд голд тааралдана.

Хамгаалсан байдал: 1973 оноос агнахыг хуулиар хориглож, улмаар Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенц, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хавсралтад орсон. Тархац нутгийг Увс нуурын дархан цаазат газарт хамруулахын зэрэгцээ Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн хавсралтад Орог, Бөөнцагаан, Буйр нууруудыг оруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, үржлийн биологийг судлан тогтоох, үржлийн нутгийн тайван байдлыг алдагдуулахгүйн тулд зусдаг, үрждэг газруудыг малын бэлчээрээс чөлөөлөх, хамгаалалтын менежментийг бий болгох, сурталчилгаа зохион байгуулах.

Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013

Хуруут хун нь том биетэй, толгой хүзүү нь үргэлж тахиралдсан "S" хэлбэртэй. Хушуу нь угаараа хар боловч бусад хэсэг нь улбар эсвэл улаан байдаг. Хушууны уг орчимд товруу мэт бүтэцтэй учир “Хуруут” хэмээн нэрлэгджээ. Ийм өнгийн хушуутай хун шувуу дэлхий дээр өөр байхгүй. Энэ зүйл хун 9 хүртэл тооны дэгдээхэй бойжуулдаг ба хосоороо насан туршдаа амьдардаг. Нуурын захдуу том хэмжээний арал маягтай газарт, зэгстэй орчныг онцолж үүр засаж үрждэг. Намар дэгдээхэйнүүд нь эцэг эхийн хамт Өмнөд Ази руу нүүж өвөлждөг. Зарим тохиолдолд хамт ирж үржлийн нутагтаа зусдаг. Энэ хун Европ болон Ази тивд тархсан шувуу боловч XYIII зуунд европчууд Хойд Америкт зөөж нутагшуулсан учир одоогоор Хойд Америкт өргөн тархсан хунгийн нэг болсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн нутагт харь зүйл гэсэн ойлголт юм.

Европ тивд харьцангуй өргөн тархалттай боловч Ази тивд Казакстанд хамгийн том популяци байдаг гэж үздэг. Дараагийн хамгийн том тархац нутаг нь Оросын зүүн өмнөд хэсэг болох Байгаль нуур болон Амар мөрний сав газар аж. Буриад зоны үүсэл гаралд холбогдох домгийн хун шувууг Хуруут хунтай холбон үзэх нь бий.

Байгаль нуур болон Амар мөрний сав газар дахь тархалтаас харахад энэ хун Буриад түмний нутаг, мөн энэ бүсэд үрждэг онцлог байдлаараа давхцаж байна. Хуруут хунгийн хушууны "улаан ба хар" өнгө нь Буриад зоны дээлний энгэрийн 3 хослолын үндсэн 2 өнгөтэй холбоотой байж мэдэх ажээ.