ЗЭЭРД ДЭГЛИЙ
Lat: Ardea purpurea (Linnaeus, 1766)
Баг: Өрвийтөн – Ciconiiformes;
Овог: Дэглийнхэн – Ardeidae
Rus: Рыжая цапля
Eng: Purple Heron
Jap: Murasaki-sagi (ムラサキサギ)
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.
Таних шинж: Биеийн урт 70-90см. Далавч 325-400мм. Бие гүйцсэн шувуу урт нарийн хүзүүтэй, хөх дэглийнээс урт сунасан бие, нарийн, урт хөл хүзүүтэйгээрээ ялгарна. Шил хүзүү, нуруу бүдэг хүрэн өнгөртэй хөхвөр саарал, мөрний өд улаан бор. Хүзүү дагасан зэвэн улаан, нарийн хар судалтай. Хэвлий, цээж бараан. Хошуу шар. Хөл шаргалдуу бараан саарал. Залуу шувууны зүс бор шаргалдуу хүрэн, хоолой, цээж нарийн хар, цайвар судлуудтай.
Тархац, байршил нутаг: Өмнөд Европ, Өмнөд Ази, Африкаар тархсан. Халх, Нөмрөг голын хөндий, Буйр нуур Ташгайн Таван нуур (Буйр нуур-Халх гол-Хянганы бүс нутаг)-аар, Баян нуур, Улз голын адаг, Монгол дагуур болон Өгий нуур, Тэрхийн Цагаан нуурын ус намгархаг газарт тохиолдоно. 2003 оны VI сард Халх голын Буйр нуурын орчмоос анхны үржлийн хосыг тэмдэглэсэн. Энэ хос шувууд зэгс, шагшуурган дунд үүрээ барьсан 3 дэгдээхийтэй үүрийг олсон.
Амьдралын онцлог: Үржил IV-VI сард явагддаг. Үүрээ нарийн мөчир, зэгс шагшуургын ишээр эсвэл бут модыг ашиглан барина. Ихэвчлэн 2-5 өндөг гаргах буюу заримдаа 3-8 өндөг гаргана. Өндөг гялгар цонхигор ногоовтор-цэнхэр өнгөтэй. Өндгөө 24-28 хоног дардаг. Эр, эм шувууд 42 хоног тэжээнэ. III сарын дараа биеэ даан амьдарна. Залуу шувууд нэг жилийн дараа үржилд орно. Бие гүйцсэн болон залуу шувууд ихэвчлэн жижиг хөхтөн, хоёр нутагтан, гүрвэл, жижиг загас, усны сээр нуруугүйтэн, шавжаар хооллоно. Өвөлдөө зүүн өмнөд Ази руу шилжин нүүдэг. Нүүдлийн үедээ ОХУ-аас Сингапурт нүүж ирдэг. IX сараас эхлэн өвөлжих нутгийн зүг нүүдэл шилждэг.
Тоо толгойн хомсдох шалтгаан: Дэлхийд тоо толгой нь 270.000-570.000, үржлийн нутаг 22.400.000 км2 талбайг эзэлнэ. Монголд тоо толгой болон хомсдолыг нарийвчлан судлаагүй. Тархац нутгийн хэмжээ бага, судалсан мэдээ байхгүй.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Тархац нутгийг Нөмрөг, Монгол дагуурын дархан цаазат газарт болон Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн Буйр нуур, Тэрхийн цагаан нуур, түүний орчмын ус, намгархаг газарт хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгой, биологи, экологийн нарийвчилсан судалгааг хийх, амьдрах орчин болон байршил нутгийн зэгс, ургамлан бүрхэвчийг хамгаалах, хамгаалалтын менежментийг сайжруулах, сурталчилгаа хийх.
Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013