Тарвага (Marmota sibirica, Radde 1862)

Дэлхийд 14 зүйл тарвага байдгийн 8 зүйл нь Евроазид, 6 зүйл нь Америкт тархан амьдардаг. Харин Монгол оронд Алтай, Монгол гэсэн хоёр зүйл тарвага бий. Алтайн тарвага биеэр арай том, үс ноолуур нь өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн шингэн байдаг. Нас бие гүйцсэн тарваганы жин 9.8 килограмм, биеийн урт нь 63 сантиметр. 90-160 миллиметр урт сүүлтэй. Шанаа, хоншоор, эрүү, нүдний орчим байх 3-6 сантиметр урт үснүүд нь харанхуй нүхэнд орж гарах, байрлахад мэдрүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Хойд хөл нь таван хуруутай бол урд хөл нь дөрвөн хуруутай байдаг онцлогтой. Хойд хөл нь урд хөлнөөс арай урт, бахим бүдүүн, мохоо хүчирхэг байдаг. Эрийг бурхи, эмийг тарч, төллөсөн тарчийг нагай, тухайн жилийн төлийг мөндөл, дөнгөж гарсныг эргүү цагаан, нэг өвөл өнгөрснийг хотил, хоёр өвөл өнгөрснийг шар хацарт хэмээн нэрлэдэг. Шар хацарт гэгдэх наснаас эхлэн тарч хээл авч 30-35 хоног тээж, 4-5 дугаар сард 5-12 мөндөл гаргадаг.


Тарвага 10 нас хүртэл төллөх чадвартай бөгөөд тарвага 15-16 жил насалдаг. Усныхаа хэрэгцээг өглөөний шүүдэр, ургамалд хадгалагдах усаар нөхдөг. Харин ургамал хатаж гандсан үед цас идэж, горхины ус уудаг. Тарвага нэгийгээ хужирт явуулдаг. Хоёр завжаараа дүүрэн хужир дүүргээд үсэндээ хужир шингээгээд ирдэг. Хужирт яваа тарвагыг алж хороож болдоггүй. Тарвага нь 42 төрлийн эмийн ургамал түүж иддэг учраас түүний юм бүхэн нь хүний өвчнийг анагаах увьдастай байдаг байна. Жилийн 160-175 хоног буюу 6 сар орчмыг ичээндээ унтаж өнгөрүүлдэг. Энэ үедээ минутанд 1 удаа амьсгалдаг. Ичсэн тарваганы зүрхний цохилт удааширч, биеийн дулаан нь цельсийн 4.6-7 хэм хүртэл буурдаг атал үхдэггүй, ерөөсөө яаж ичдэг нууц нь одоо хүртэл тайлагдаагүй байна.


Тарваганы нүх нь ичээ, зусаал, дайснаас түр нуугдах муу нүх гэж ангилагдана. Ичээ нүх нь амрах, ичих, бүүр бие засах тусгай өрөөнүүдтэй. Тарвага идэшлэх, тоглох, нарлах, нутгийнхаа хил хязгаарыг тэмдэглэх, ичээ ноохойгоо засах зэрэгт өдөрт дунджаар 5-7 цаг зарцуулж үлдсэн бүх хугацаа буюу 87.5 хувийг нүхэндээ өнгөрүүлдэг. Тарваганы нүхэнд амьдардаг болсон тухай ийм нэгэн домог байдаг. Эрт урьд цагт манай дэлхийд 7 нар гараад газар дэлхийг хуйхалж шатаачих гээд амьтан хүн байж сууж  чадахгүй хэцүү болоход эрийн сайн эрхийн мэргэн хурдан мориндоо мордон долоон нарыг өглөөнөөс орой хүртэл дараалуулан харвахаар амлаад “хэрвээ би чадахгүй бол хар ус уудаггүй хагд өвс иддэггүй амьтан болоод харанхуй хар нүхэнд суудаг болно” гэжээ. Эрхий мэргэн өглөөнөөс орой хүртэл нарыг дараалуулан харваад хамгийн сүүлчийн нарыг уулын цаагуур оруулан алджээ. Түүнээс хойш эрхий мэргэн тарвага болон хувирч харанхуй нүхэн гэрт суух болжээ. Гэвч өглөө гарч ирэн нарыг харан харвачих санаатай ширтэж байдаг гэнэ.


Нас гүйцсэн нэг тарваганаас ойролцоогоор 10 килограмм өөхтэй мах гарна. Арьсыг нь арилжиж, махаар нь боодог, хорхог хийж, өөхөөр нь хүн малын яр шарх, хөхүүл ханиадыг эдгээнэ. Сайн ходоодыг нь хавар турж эцсэн малд өгч тэнхрүүлнэ. Муу ходоодоор нь нохой хооллоно. Шүд хумсаар нь гоёл чимэглэлийн зүйл хийнэ. Сүүлний үсээр нь бийр хийх гэх мэтээр тарвагыг монголчууд ямар ч хаягдалгүй ашигладаг байна. 1865 онд баруун Монголоос Өргөө, Хиагт, Ховдын хязгаараар урд хойд хөршид худалдаалсан тарваганы арьс 30 мянга, 1922-1931 онд 16 сая орчим арьсыг хил нэвтрүүлсэн байдаг. 1946-1955 онд жилд дунджаар 2.3 сая тарваганы арьс, 1970 онд 20 сая, 1980 онд 15 сая арьс бэлтгэж байсан мэдээ байдаг.


Тарваганд нэг аюултай зүйл байдаг бөгөөд энэ нь тахал юм. Тарваган тахлын улмаас европын хүн амын гуравны нэг нь үхэж байсан гашуун түүх хоёр ч удаа гарч байжээ. Ямар нэгэн өвчтэй тарвага хошгирч чаддаггүй бөгөөд тийм тарвага болон нохой үнэг, хярсанд бариулсан тарваганаас хол байх хэрэгтэй. Сүүлийн 20 жилд зах зээлд үнэ хүрдэг арьснаасаа болж тарваганы тоо толгой эрс цөөрч маш ихээр хорогдсон бөгөөд 2006 онд тарваганы хамгийн их тархацтай газруудыг хамруулаад Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт судалгаа явуулахад 22000 байжээ.


“Монгол тарвага” хэмээх ном: Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээ аргазүй, сан хөмрөгийн тасаг нь “Соён” студитэй хамтран “Монгол тарвага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, фото зургийн үзэсгэлэнг 2010 оны тавдугаар сард зохион байгуулсан. Энэхүү хурлаар байгалийн эко системийн түлхүүр зүйл болсон монгол тарваганы тархац, нутаг, тоо толгой нь хүн болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр цөөрч, устах аюулд ороод байгаа тарваганы талаар сүүлийн жилүүдэд хийсэн популяцийн судалгааг нэгтгэх, уг амьтанд тулгамдсан асуудлаар эрдэмтэд санал бодол солилцжээ. Зохион байгуулагчдын зүгээс эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн эрдэмтдийн шилдэг илтгэл, фото зураг, тарваганы тооны талаархи судалгааны ажлын эмхэтгэлийг нэгтгэн  “Монгол тарвага” хэмээх ном гаргажээ.


Эх сурвалж: Монгол орны лавлах